Цаг үеийн мэдээ

Учиргүй хоёр АН “Учиртай гурван толгой” боллоо. С.Эрдэнэд тамга нь бий ч сонгуульд дүрмээрээ бол сонгуульд ялагдсан учир автоматаар огцорсон, эрх үүргээ Ц.Туваанд шилжүүлсэн, дээр нь гишүүн алга. Х.Баттулга гишүүдийнхээ саналаар сунгаагаар сонгогдсон, дагагч олонтой ч, тамгагүй. Лу.Гантөмөрт тамга байхгүй, зөвхөн ҮБХ-ны гишүүд байна. ҮБХ-ны гишүүд нь ч хүчингүй эксүүдээс бүрдсэн гэгдэж байна. Аль нэг нь байхаар нөгөө нь байхгүй ийм байдал хүрээд байна. Гурвууланг нь нийлүүлбэл супер  дарга төрж мэдэхээр байна. Даанч нэг намд гурван жинхэнэ дарга байж болдоггүй. С.Эрдэнэ шиг хэдэн жил хэрэлдээд байдаг, Х.Баттулга шиг хэн рүү ч дайраад ордог, Лу.Гантөмөр шиг хэзээ ч цэцэрхэж чаддаг нэг дарга байвал яг будаа болгох гээд байдаг. УДШ энэ олон даргын хэдийг нь, хэнийг нь хүчинтэй гэж үзэх нь тодорхойгүй байна.  Аль нэг нь жинхэлбэл АН даргатай болно.   

Ц.Элбэгдорж “Хөөе Эрдэнэ ээ, хөөе, Баттулга аа, гурвуулаа АН-аас хол байя. ҮБХ-ны гишүүд нь өөрсдөө л мэдэг” гэж лайвдав. Өөрсдөө л мэдэг гэсэн үг нь өөрөө л мэднэ гэсэн үг гэж нөгөөдүүл нууцыг тайлсан байна. Ц.Элбэгдоржийг С.Баярцогтын дүрээр АН-ыг даргална, болохгүй бол Лу.Гантөмөрийн биед орох нөөц төлөвлөгөө зохиосон гэлцэж байна. Харин намаас хол байлгах гэсэн Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр нь тус тусын намтайгаа хоорондоо ойртож, хөл гарууд нь уулзалдах болсон. Х.Баттулга Солонгост  дэлгүүрээс улаан ороолт худалдаж авсан. Шинэ улаан ороолтоо зүүж, жүдо үзээд, тэр ороолттойгоо хоноод, өглөө нь ҮХЦ-д өргөдөл гаргалаа.    

Луен овогт Н.Чинбат Танаа гэж хаяглаж байгаад С.Баярцогтыг хэрэгтэн бус хэлмэгдэгч болгосон шийдвэр гаргасан УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Цэцэд өгснөөр Лу.Гантөмөрт тус болов.  

Худалдааны танхимд цугласан хүчинтэй, хүчингүй ҮБХ-ны гишүүд Лу.Гантөмөрт 152, С.Баярцогт 129, З.Нарантуяад 12 санал өглөө. С.Одонтуяа нь нэрээ суга татан авсны хүчинд З.Нарантуяа нь 12 санал авлаа. Хэрвээ нэг эмэгтэй нэрээ татаагүй бол нөгөө нь 6 саналтай л үлдэх байсан байна. Гагцхүү намын даргыг намын гишүүд нь сонгох дүрмээр энэ сонголт шүүх дээр ахиад бүдрэх эрсдэлтэй. Дүрмээрээ бол ҮБХ намынхаа дотоод асуудлыг шийдэх болохоос бус намын даргаа сонгохгүй юм байна. 

С.Эрдэнэ ч тэр дор нь хүчингүй, жүжиг, АН-ын даргыг АН-ын гишүүд нь сунгаагаар сонгодог гэж жиргэсэн байна. Өөрөө бол огт сунгаагүйгээр сунгалт хийгээд үлдэхийг мөрөөдөж байна. 

АН-ынхны бие биеэ хардах эрх нь аажмаар хардах үүрэгтэй болоод удаж байна. Талууд биесээ МАН-тай заавал хардах ба АН-д МАН-ын биш хүн одоогоор нэг үлдээгүй байна. Талууд дотроо бас талцан харилцан хардалцаж байна.   АН албан ёсоор нэг болов уу, албан бусаар хоёр юм уу, гурав болов уу? АН ерөөсөө нэг байсан уу? гэх мэт асуулт урган гарч байна. Гурван дарга ба нэг нам.  

Таны сурталчилгаа