Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2023.01.24/ Ардчилсан намаас Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар батлуулсан хуулийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ. 

Хэвлэлийн хуралд Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир, ҮБХ-ны гишүүн, Сурталчилгаа, Хэвлэл мэдээллийн газрын дарга О.Батханд нар оролцлоо. 

Ардчилсан намын Дэд дарга Б.Ган-Очир хэлэхдээ, “Өнөөдөр бид бүгдийн мэдэж байгаа “Троллын тухай хууль буюу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хууль. Харин бодит амьдрал дээр “Олон нийтийн сүлжээнд дарга нарын эрхийг хамгаалах тухай” хуулийн талаар бид мэдээлэл хийж байна. 

Энэ хууль батлагдахад  хоёр гол шалтгаан байна. 

НЭГДҮГЭЭРТ, Цахим Хөгжлийн Яамны Сайд Н.Учрал өөрийн улс төрийн аав У.Хүрэлсүхэд барьж буй бэлэг. 

ХОЁРДУГААРТ, Монгол улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан нар “Монгол орны хөгжлийн хөтөлбөр” гэдэг гол тэргүүлэх чиглэлээ барьж аваагүй учраас салбарын сайд хүссэн үедээ өөрийн салбарын асуудлыг монголын хамгийн чухал асуудал гэж үзэж байна.

Иймд Ардчилсан намын зүгээс гурван гол алхам хийнэ. 

НЭГДҮГЭЭРТ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хориг тавь гэх албан бичгийг хүргүүлнэ. Гэвч үүнд итгэхгүй байна.

ХОЁРДУГААРТ, Үндсэн Хуулийн Цэцэд бичиг өгнө. Гэвч Үндсэн Хуулийн Цэц ерөөсөө шийдвэр гаргахгүй гэдэгт итгэлтэй байна.

ГУРАВДУГААРТ, Энэ хууль батлагдвал өөрийн үг, үзэл бодлыг талбай дээр гарч илэрхийлнэ. 

Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг нь Ардчилсан намын 32 жилийн өмнө тунхаглаж гарч ирсэн хамгийн гол зүйл юм. Үүнийг хэзээ ч эрх баригчдад булаалгахгүй. Цаашид бид 21 аймаг 9 дүүргийн салбар нэгжүүддээ хэлэлцүүлэг явуулна. Ерөнхийлөгчид найдах хэрэггүй, ҮХЦ-д найдах хэрэггүй. Одоо иргэд өөрсдийнхөө үг хэлэх эрхэд найдахаас өөр сонголтгүй болсон” гэлээ.

Таны сурталчилгаа