ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Өчигдрөөс эхлээд нийгэмд Монгол улсын засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулаад бэлэн болсон байна гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн сувгуудаар гараад байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурийг их олон түвшинд илэрхийлдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа байх. Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай хэлбэрлүүгээ эргэж орох ёстой гэсэн асуудлыг нэг хэсэг нь хөнддөг. Зарим улс төрийн намууд сонгодог хэлбэрийн хоёр танхимтай парламентын хэлбэр рүү шилжих ёстой гэдэг асуудлыг нилээдгүй ярьдаг. Мөн үндсэн хууль судлаачид, улс төр судлаачид зарим улс төрийн намуудын зүгээс нэмэлт өөрчлөлт хийх замаар гишүүдийг тоог нэмж, тогтолцоог холимог системд шилжүүлэх ёстой гэсэн байр суурийг байнга илэрхийлж ирдэгийг Монголын ард түмэн мэдэж байгаа гэж бодож байна. Би Үндсэн хууль судлалын, улс төр судлалын хүмүүстэй холбогдож мэдээлэл нилээн авлаа. Ер нь энэ Үндсэн хуулийг 1992 оноос хойш нэмэлт өөрчлөлт хийх, шинээр бичихтэй холбоотой санаачилгууд хэр гарч байсан, ямар хэлбэрээр явж байсан талаар тодруулж үзэхэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 гаруй төрлийн шинэ Үндсэн хуулийг улс төрийн намууд Үндсэн хууль судлаач нар санаачилж бичсэн тохиолдлууд байсан.
Зарим тохиолдолд УИХ Засгийн газрын зүгээс Үндсэн хуульд үүсээд буй засаж залруулах зүйл дээр хэрхэн яаж хандах уу гэдэг тал дээр зарим улс төрийн намууд судлаачидтай хамтарч ажиллаж байсан тохиолдол байдаг.
Монгол улсын Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийг шинээр бичих санаархлыг гаргаагүй. Улс төрийн намууд Үндсэн хууль судлалын судлаач нар ерөнхий сайд болон холбогдох албан тушаалтнуудад санал хүсэлтээ тавиад ажлыг хэсэг байгуулж, ер нь ирээдүйд Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилж явбал улс, эх орны хөгжил дэвшилд илүү хэрэгтэй вэ гэдэг саналаа боловсруулж өгөх хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг гаргасны үндсэн дээр ажлын хэсэг байгуулагдаж ажилласан.
Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд батлагдах гэж байгаа зүйл ерөөс биш. Үүнийг Монголын нийт ард түмэн шийднэ гэдэг нь өнөөгийн хэрэгжиж буй үндсэн хууль дээр маш тодорхой байдаг. Ялангуяа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр бичих гэдэг 2 ойлголтыг сайн ойлгож авах ёстой. Нэмэлт өөрчлөлт гэдэг тодорхой цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар өнөөдрийн тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд гол зорилго оршино. Тэгвэл шинэ үндсэн хууль гэдэг бол одоогийн хэрэгжиж байгаа үндсэн хуулийн нийт 35 орчим хувиас нь илүү хэмжээний өөрчлөлтийг хийх болсон тохиолдолд шинэ үндсэн хууль гэнэ гэх асуудлыг ярьдаг.
Энэ утгаараа эрх барьж буй намын хувьд МАН-ын дарга УИХ-д улс төрийн намуудаас хэд хэдэн төрлийн шаардлагуудыг тавьдаг. Шинээр бич гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан, нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагыг тавьж байсан. Энэ бүгдэд МАН-ын дарга саяхан болсон иргэдийн чуулган дээр ч байр сууриа илэрхийлсэн. Бусад улс төрийн арга хэмжээн дээр ч байр сууриа илэрхийлж байсан. МАН үндсэн хуульд асуудал байна гэж үзээд тодорхой хэмжээний өөрчлөлт хийх асуудлыг олон нийтийн зүгээс ялангуяа зөвлөлдөх санал асуулга болон иргэдийн дунд явуулах санал асуулгын үндсэн дээрээс шийдвэрлэх боломжтой. Эрх баригчдын зүгээс аливаа асуудал шийдэгдэхэд бид дэмжээд ажиллах нөхцөл байна гэж үзэж байгаа. Гагцхүү шинээр үндсэн хууль бичээд батлана гэдэг нөхцөл нь өнөөгийн нийгэмд хийж чадах уу үгүй юу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй.
1-рт шинэ үндсэн хуулийг хийх тохиолдолд заалт тус бүрийг ярилцах мөн цаг хугацаа нөхцөл байдалтай харьцуулаад үзэхийн бол богино хугацаанд хийх зүйл огтоос биш гэдгийг үндсэн хууль судлалынхан тогтмол хэлж байгаа. Магадгүй шинээр бичих шаардлага үүссэн гэж ард түмэн үзэж байгаа тохиолдолд энэ шинэ үндсэн хууль бичигдэж, батлагдаж, бүтнээрээ бие болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа орно гэж судлаачид үздэг. Тэр утгаараа МАН-ын байр суурь бол өнгөрсөн 2022 оны 5 сард илэрхийлж байсан, үндсэн хуульдаа тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийх нь зүйтэй юм байна. Парламентийн гишүүдийн тоог нэмэгдүүлээд, сонгуулийн тогтолцоог санал гээгдэхгүй холимог системийг нэвтрүүлэх замаар иргэдийн саналыг гээхгүй байх талаар бодох нь зүйтэй юм байна, нөгөө талаасаа тоо нэмэгдүүлж парламентийн төлөөлөх чадвар сайжирснаар энгийн иргэдийн төлөөлөл парламентад сууж төлөөлж чадах боломжийг бий болгох нь юу юунаас чухал юм байна гэж үзэж байр сууриа илэрхийлж байсныг та бүхэн мэдэх байх" гэлээ.