Ардчилсан Намын сонгогдсон дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэсувд, АЗХ-ны тэргүүн Н.Болдбаатар нар УДШ болон цахим сонгуулийн талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан Намын дарга Д.Ганбат: "УИХ-ын 2024 оны сонгууль хаяанд ирчихлээ. Өнөөгийн нөхцөл байдал сайнгүй байна. АН хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа. Намайг АН-ын даргаар сонгосон нийт гишүүддээ баярлалаа. АН-ынхаа энэ шилжилтийн үеийг туулж, дундаж давхаргыг бий болгох үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болно. АН хүнд хэцүү үеийг туулж байна. АН-ын зам ер нь хэзээ ч амар хялбар байгаагүй ээ. Энэ удаагийн сорилтыг ч нэр хүндтэй туулна гэдэгт итгэлтэй байна. Бид бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Түүнээс биш бид нар ийм сайхан зорилготой учраас хууль бус, буруу замаар ч хүрч болно гэж болохгүй. Энэ бол АН-ын зарчим биш. АН-ын цэнхэр тугаа тойрон нэгдэн нягтрахыг АН-ын бүх гишүүддээ уриалж байна. Юу юунаас илүү дутагдаж буй сөрөг хүчний бодлогыг хэрэгжүүлнэ. МАН-тай бодлогын өрсөлдөөн явуулна"
Мөн "АН-ын даргад нэр дэвшигч Л.Гүндалай цахим сонгуулийг луйвар болсон гэж үзээд хуулийн байгууллагад хандсан. Мөн нэр дэвшигчдээс мөнгө авсан гэсэн. Нууц биш бол нэг нэр дэвшигчээс хэдэн төгрөг авсан бэ?" гэсэн сэтгүүлч Ч.Явуухүүгийн асуултад АН-ын ЕНБДарга Д.Эрдэнэсувд: "Л.Гүндалайн хувьд АН-ын гурав дахь удаагийн цахим сонгуульд оролцсон нь энэ. Өмнө нь 2021онд АН-ын даргын сунгаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах цахим сунгаанд бас оролцож байсан. Л.Гүндалай гомдол гаргах эсэх нь тэр хүний асуудал. Нэр дэвшигчдээс тухайн сонгуульд зарцуулах зардлыг гаргуулсан гэлээ.
Мөн АН-ын Үндэсний Бодлогын Хорооны эргэлтийн сонгуулийг /Ротаци/ 2 сарын эхээр явуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ардчилсан намын гишүүдийг эргэлтийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.