Цаг үеийн мэдээ

Нүүрсний хулгайн хэргийн “Гол дүр” Ажнай Д.Бат-Эрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цохон тэмдэглэж, хулгайч нартай тууштай тэмцэхээ илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл Д.Бат-Эрдэнийг шалгах явцад түүнтэй холбоотойгоор 11 хүнийг яллагдагчаар татаж, 60 гаруй хүнийг сэжигтэн, гэрчээр байцааж байгаа билээ. Эдгээрт орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга Б.Түвшинбаяр, нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, “Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, “Тавантолгой транс” ХХК-ийн санхүү эрхэлсэн дэд захирал асан Д.Эрдэнэбаяр, хангамжийн менежер П.Мөнхчулуун, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Мөнхтайван, ашиглалтын инженер асан З.Эрдэнэбаяр, Ө.Мөнхтайван, П.Мөнхтуул, П.Мөнхнасан, Ж.Мягмардорж, нарыг бүлэглэн, албан тушаалаа ашиглаж эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн 17.4-2.1, 17.4-2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа билээ. 

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьцааг нутгийн иргэдээс луйвардаж,  хувьцааны ашгаараа сонгуулийг мөнгөөр авч Өмнөговь аймагт эзэн суусан Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-д хяналтгүй эрх мэдлээ тогтоосноор тэрбээр хоёр зууныг дамнасан нүүрсний хулгайгаа  эхлүүлж байжээ. 

Өнгөрсөн хугацаанд Д.Бат-Эрдэнэ маш олон хулгай, залилангийн хэрэгт холбогдож байсан ч энэ хэргүүд хууль, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсоор иржээ.

Харин өчигдрийн /2023.03.30/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгуулахаар болсон. 

Тэгвэл Д.Бат-Эрдэнийн гол хамсаатан гэгдэх В.Мөнхбат гэгчийг АТГ-аас шалгаж эхэлсэн шинэ мэдээлэл байна. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан шалгаж байгаа аж. Түүнийг орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж байхад нь УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар давуу байдал үүсгэн 2019 онд ТУЗ-ийн даргаар томилуулж байжээ. 

Улмаар 2019-2020 онд “Таван толгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү болох В.Насанбатын “Язгууртны говь” ХХК-д шууд гэрээгээр хөрс хуулалтын ажил өгч, олон тэрбум төгрөгийн орлого олсон байна. 

Түүнчлэн В.Мөнхбат нь өөрийн нэр дээрх “Хүннүгийн говь” ХХК-иар дамжуулан аймгийн төсвөөс 2013-2014 онд нэг жилийн хугацаатай хямд орон сууц барих төсөл хэрэгжүүлэх нөхцөлтэйгөөр 3.2 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан ч 10 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөлгүй улсад хохирол учруулсан байдаг. Гэвч энэ хэрэг өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон гэгддэг.

В.Мөнхбат нь  МАН-аас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдож байсан боловч Д.Бат-Эрдэнийн тусламжтайгаар томоохон албан тушаалд хүрч байжээ. В.Мөнбат нь анх Д.Бат-Эрдэнийг заналхийлж танилцаж байсан гэх ба яваандаа итгэлт нөхөд, хуурай ахан дүүс болж шадарласнаар зам мөрөө нэгтгэжээ. 

Ингэснээр Өмнөговь аймаг АН эрх барьж байсан үед буюу 2008-2016 онуудад В.Мөнхбат нь Д.Бат-Эрдэнийн тусламжтайгаар өөрийн компанийн нэр дээр олон тооны тендер авснаас гадна хүүгүй зээлд хамрагдсанаар юу ч үгүй байсан тэрбээр Өмнөговь аймгийн тэргүүн баячуудын нэг болтлоо хөрөнгөжжээ. Өнөөдөр төрөөс тэрбум тэрбумаар нь хүүгүй зээл авч, бизнес хийвэл хэн ч бүтээн байгуулагч болж болохыг сүүлийн үед монголчууд хангалттай харж байна. Ард иргэдийн боломжийг хулгайлагсад зөвхөн нүүрс, хөгжлийн банкнаас гадна хөдөө орон нутагт ч үүрлэсний тод жишээ бол энэ юм. 

2016-2020 оны хооронд Ажнай  Д.Бат-Эрдэнэ В.Мөнхбатаар дамжуулан эсрэг намынхныгаа өөртөө элсүүлж, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д хяналтаа үргэлжлүүлэн тогтоосон. Энэ үеэр В.Мөнхбат нь өөрийн дүү В.Насанбатын “Язгууртны говь” ХХК-д шууд гэрээгээр хөрс хуулалтын ажил өгч, олон тэрбум төгрөгийн орлого олсон нь ийнхүү шалгагдах үндэслэл болоод байгаа юм. 

Эндээс үзэхэд, В.Мөнхбат нь Ажнай Д.Бат-Эрдэнийн элдэв хулгай, дээрэм, луйврын хэргүүдийн хамгийн итгэлтэй хамсаатан болох нь харагдана. 

Тэрбээр зөвхөн дээрх хэргүүдээс гадна олон тооны эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсан хуучнаар бол “рецедив” гэмт хэрэгтэн ажээ. 

Олон жилийн өмнө Дундговь аймгийн ноолуурын гурван ченж амь насаа алдаж,  сураггүй алга болсон хэрэгт В.Мөнхбат сэжиглэгдэн шалгагдаж байжээ. Хачирхалтай нь сураггүй болсон хүмүүсийн цогцос олдоогүй гэдэг үндэслэлээр хэрэг хаагдсан байна. 

Үүнээс гадна Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас баримт дурдвал:

Монгол Улсын иргэн Хээхий овгийн Ваанчигийн Мөнхбат /КЮ71040316/  52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Өмнөговь аймгийн ИХТ-ын төлөөлөгч ажилтай, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р баг, 43-р байрны 32 тоотод оршин суух хаягтай. 

1. 1999 оны 07 сарын 08-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 90дугаартай таслан шийдвэхлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, аймгийн шүүхийн 33 тоот магадлалаар 1 жилийн хугацаагаар тэнсэж харгалзсан.

2. 2002 оны 08 сарын 14-ний өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 153 тоот таслан шийдвэрлэх тогтоолдоор Эрүүийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, биеэр эдэлсэн.

3. 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. 

Түүнчлэн 2023 оны 3 дугаар сард Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан АТГ-т шалгаж байна. 

Таны сурталчилгаа