"Товчхон" шок шог мэдээ
Хоёр нангиад эр монголчуудын эртнээс дархалсан Богдхан уул, төрийн тусгай хамгаалалттай Их тэнгэрийн ам руу ичимдэг эрхтнээ гарган, эрээ цээргүйгээр сарьж зогссон байна. Монголын хуулийг жунгаа шээсээрээ зөрчсөн хоёр хятадыг тус бүр 10 мянгаар торгожээ. 10 мянган төгрөг нь 25 юань бөгөөд жин будаа, хэдэн мантууны үнэтэй юм. Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ гэдэг. Тэгвэл Их тэнгэр өөд хятад шээхэд бид яах вэ.
МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг “Эрдэнэт медикал” эмнэлэгт бие нь өвдөөд хэвтэж байгаа юм уу гэтэл биеэрээ удирдаж байгаа юм байна. Эмнэлэг хэвтээгүй, эмнэлэгт сууж байгаа юм байна. Хуульд зааснаар бол эмч юм уу, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэй, дор хаяж 10 жил цагаан нөмрөг өмсөн ажилласан, багадаа 5 жил энэ салбарт удирдах ажил хийсэн хүн байх ёстой. Ц.Бат-Энх босгыг нь давахгүй бүдрэх тул эмнэлгийн дээврээр нь ороод захирлынх нь сандалд суучихсан юм байна. Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндонг ёндоо, ёмбоо, ёрвоо, ёозгүй, ёоёо томилгоогоо үтэр түргэн болиулахыг АТГ-аас сануулсан байна.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Найз охиноо яамны хэвлэлийн төлөөлөгчөөр томилоод, гадагшаа сургуульд явуулсан сайд ах ч байдаг. БЗС-ийн мөнгөөр найз охиноо гадаадад сургасан хүн бол Ж.Батсуурь” гээд хөнжлийг нь сөхөж, хөгийг нь дэлгэсэн үг хэллээ. Ээлжит сайн ах, самуун сайдаар тодорсон Ж.Батсуурь няцаах гэсэн биш юун гуя гэдэг шиг юм болов. “Яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр хоёр эмэгтэй байсан. Сүүлд сураг сонсоход Унгарт бил үү байдаг гэсэн”. Унгарт байдгийг нь мэддэг байгаад зогсохгүй, сураг ажил тавьдаг, сурлага амьдралд нь санаа тавьдаг гэсэн үг болж таарч байна.
Монголын улс төрийн попын хаадын нэг, үшү биш ээ фэнгшү хэмээх С.Ганбаатар надад гуравхан сар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудал өгөөч, би Монголоо хөгжүүлье гэж гуйлаа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг улирлын амралт олгож байгаа юм шиг өгч авдаггүй, ард түмнээс сонгогддог гэдгийг попын хаан мэддэг боловч попроход хууль, дүрэм падлийгүй. С.Ганбаатарт бакалаврын диплом байхгүй, оронд нь сурч байсан гэдэг өгүүлбэр бичсэн боловч банканд харуул биш эдийн засагч, дээд сургуульд жижүүр биш багш хүртэл болж фэнгшү шидтэй, кунфу илбэтэй хүн билээ.