Офицеруудын ордны өмнөх ногоон цэцэрлэгт Монголын цэргийн бүжигчдийн дурсгалын хөшөө сүндэрлэн бослоо.
1945 оны Чөлөөлөх дайнд Цэргийн дуу танцны ансамблийг удирдаж, фронтод мордож Монгол, Зөвлөлтийн дайчид, чөлөөлөгдсөн Өвөрмонголын ард иргэдэд соёл урлагаар үйлчилж явсан ахмад дайчин, бүжигчин, дипломат дэд хурандаа Хорлоогийн Ёндон, түүний гэргий бүжигчин Цэрэнпилийн Цэнд агсны дурсгалд зориулж үр хүүхдүүдийн сэтгэлийн хандив, санаачилгаар энэхүү гэрэлт хөшөө сүндэрлэжээ.
Түүний охин Ё.Өнөрбаяр "Аавын минь мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан босгож буй энэ хөшөө үе үеийн цэргийн бүжигчдийн суу алдрыг мөнхөллөө. Аав, ээж хоёр маань хоёулаа цэргийн бүжигчид төдийгүй Зөвлөлтийн алдарт бүжигчин Игорь Моисеевоор бүжиг заалгаж, цэргийн бүжгийн тулгын чулууг тавьсан түүхтэй юм билээ. Энэ уламжлалыг ахмад, дунд, залуу үеийн бүжигчид өртөөлөн үргэлжлүүлж, нэр төртэй хөгжүүлсээр ирсэн гавьяаг мөнхжүүлэх зорилго тавьсан минь биеллээ оллоо" гэлээ.
"Монгол цэргийн бүжигчдийн алдар" хөшөө уран барималч Б.Нямдоржийн оюун ухаанаар амилжээ. Тэрээр хөшөөний эх загварыг гаргах гэж Цэргийн чуулгын бүжигчдийн "Аягат" бүжгээс 200 гаруй тавилт бүхий зураг авсанаас энэхүү загварыг гаргасан байна.
Х.Ёндон агсантай хамтран уран бүтээл туурвиж явсан УГЗ Ш.Гунаажав "Анд маань урлагийн төлөө бүхнээ зориулсан. Ганцхан жишээ дурдахад 300 бүжигчин цуглуулж тоглолт хийж байсан. "Дайчин алдар" чуулгыг байгуулж эх орондоо төдийгүй хилийн чанадад Москвад хүртэл айлчлан тоглолт хийсэн хүн дээ" хэмээн өгүүлсэн. Цэргийн урлагийн "Хаан бүжиг" гэж хэлэх үндэстэй "Цэргийн чуулбар" бүжгийн хөгжмийг зохиосон нэрт хөгжмийн зохиолч Ш.Гунаажав гуай залуудаа бүжигчин явжээ.
Хөшөөний нүүрэн хэсэгт Чөлөөлөх дайны түгшүүрт өдрүүдэд Цэргийн ансамблийн уран бүтээлчдийн Долоннуур хүртэл аялан тоглосон замын зургийг товойлгон сийлжээ.
Хөшөөний нээлтийн туузыг хайчилсны дараа Зэвсэгт хүчний Соёлын төв өргөөний "Соёмбо" танхимд дэд хурандаа Х.Ёндонгийн амьдрал, үйл ажиллагааны тухай өгүүлсэн баримтат кино, номын нээлт боллоо.
Х.Ёндонгийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд түүний үр хүүхдүүд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийг шинэчлэн засварлаж, тохижуулан түүний нэрэмжит "Монгол бүжгийн гайхамшиг" бүжгийн уралдааныг 2017 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж ирсэн гээд цөөнгүй ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Цэргийн үе үеийн бүжигчдийн "Дурсамж" бүжгийн хэсэгчилсэн үзүүлбэр олны халуун талархлыг хүлээж байлаа. Монгол бүжгийн "Гэрэгэ" холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Ганчимэг "Ёндон багш хэзээ ч би гэж ярьдаггүй, бид тэгж явсан гэдэг сэн. Тэрээр бүжгийн шинэ дэглэлтийн санаагаа тулгаж байгаагүй, өөрсдийн бодлоор хөгжүүлээрэй гэдэг байлаа" хэмээн дурсан яриад аав, ээжээрээ дамжуулан цэргийн бүжигчдийн гавьяаг мөнхлөх эрхэм үйлсийг санаачилсан Х.Ёндон агсны охин Ё.Өнөрбаярт Холбооныхоо Хүндэт өргөмжлөлийг гардууллаа.