Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн өдрүүдэд Дунд голын түвшин аюултай хэмжээнээс давж, “Алтай хотхон” болон бусад хотхонууд усанд автах эрсдэл үүсээд байсан ч одоогоор усны түвшин бага зэрэг доошлоод байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаны хүмүүс хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, “Алтай хотхон” 26 байртай бөгөөд мэргэжлийн байгууллагууд ирж аюулгүй байдлыг шалгасны үндсэн дээр одоогоор 20 орчим орон сууцыг цахилгаан эрчим хүчээр хангаад байна. Харин цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй байгаа 16, 18, 21, 22, 23, 53А байрны хувьд гарааш руу нь үерийн ус орсон бөгөөд усыг бүрэн шавхаж дуусаагүй, зарим байрны хувьд хөрсний гүнээс нэвчилт үүсэж байгаа тул эрчим хүчээр хангах боломжгүй байгаа гэдгийг албаныхан хэллээ. Мөн гарааш доторх усыг соруулах ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон 24-р хорооны Засаг даргын Ажлын албаныхан гүйцэтгэж байна. 

Мөн "Баянгол шинэ Өргөө" ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгчид гудамж талбайг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байгаа ба одоогоор Хотхон руу орох замын хөдөлгөөнийг нээгээгүй байгаа юм. 

Нийт иргэд, оршин суугчдадаа анхааруулахад үерийн гамшиг болсны дараа хөрсний бохирдол ихээр үүсдэг бөгөөд элдэв халдварт өвчин  гарах эрсдэл өндөр болдог тул ТА бүхэн аль болох гэрээсээ гарахгүй байх, бага насны хүүхдээ гадаа тоглуулахгүй байхыг УРИАЛЖ байна.

Таны сурталчилгаа