Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн санаачилгаар зохион байгуулж буй “ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээ Мөнххайрхан сумаас эхэлсэн бол өчигдөр /2023.07.20/ Дуут сумын “ХӨХ БЭЛЧИР”-т зохион байгуулагдлаа. Тус суманд өвөлжилт, хаваржилт хүндхэн байсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн зуншлага харьцангуй сайн байна. Ялангуяа наадмаас хойш хур бороо орж байгаль илүү сэргэж байгааг малчид хэлж байлаа.  

"ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд өндөр уулын бүс нутагт зусаж буй айл өрх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилготой тус арга хэмжээнд давхардсан тоогоор 300 гаруй иргэн хамрагдлаа. 

Иргэдэд Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Статистик, Газрын харилцаа, Invest Khovd  зэрэг төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид чиг үүргийнхээ хүрээнд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч санал хүсэлтийг нь сонсов. 

Мөн Монгол улсын Гавьяат эмч С.Цэвээнсүрэн, Ж.Даваабал, Л.Эрдэнэцэцэг, М.Дунгаамаа нараар ахлуулсан эмч нарын баг дотор, дүрс оношилгоо, эмэгтэйчүүд, амны хөндийн үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгч ажиллав.

Мөн Үсчин, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлж спортын тэмцээн зохион байгууллаа.

10 гаруй багийн 70-аад залуус оролцсон волейболын тэмцээнд “ХӨХ БЭЛЧИР” багийн залуус тэргүүн байрт шалгарлаа.

“ЗУСЛАНГИЙН НЭГ ӨДӨР” арга хэмжээг хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ сарын 22-ны өдөр Мянгад сумын Баянбулаг зусланд, 23-24-нд Зэрэг сум, 25-нд Цэцэг, Мөст, Алтай сумын зуслангийн бүс нутаг “АНГИРТ”-д зохион байгуулж иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ.

Таны сурталчилгаа