Цаг үеийн мэдээ

Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тушаалаар Н.Жанцанноров, О.Баатархүү, Ц.Цэрэндорж нарт  шинжлэх ухааны докторын  зэрэг тус тус олголоо. Эдгээр  эрдэмтдэд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл дипломыг нь гардуулж өглөө. 

Н.Жанцанноров нь “Монголын орчин цагийн хөгжмийн онолын үндсэн асуудлууд” сэдвээр Урлаг судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг  хамгааллаа.

Тэрээр 1971 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийг хөгжмийн багш, 1979 онд Украйн улсын Киев хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч, хөгжим судлаачийн мэргэжлээр тус тус суралцан төгссөн. Урлаг судлалын Шинжлэх ухааны (ScD) доктор, Соёл урлагийн их сургуулийн Тэргүүлэх профессор, Монгол улсын консерваторийн Хүндэт доктор, Дэлхийн урлагийн Академийн Хүндэт доктор. “Монголын хөгжмийн арван хоёр хөрөг “ (Сонатын аллегро) 1996 он, “ Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь” 1996 он, “ Сэрэх ухаанаа дууд...I” 1998 он, “Их дуучны яриа” (Ж.Бадраагийн нэрээр) 2005 он, “ Уртын дууны уламжлалт зарим нэр томьёоны гаргалгаа” 2005 он,”Монгол хөгжмийн таванэгшигтийн онолын асуудлууд” 2006 он, “Хөгжим цаг үе” 2006 он, “ Монгол хөгжмийн эгшиг – сэтгэлгээний онолын утга тайлал 2009 он, “Миний л харгуй” 2019 он, “Сэрэх ухаанаа дууд... II” 2020 он зэрэг бүтээл хэвлүүлжээ.

О.Баатархүү нь “Монгол Улсын хүн амын дундах вирусийн гаралтай элэгний өвчлөлийн генотипийн тархалт, эмнэлзүй, эмчлгээ, молекул генетикийн онцлог” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг  хамгааллаа.

Тэрээр Монгол Улсын хүн амын дунд вирусийн гаралтай элэгний өвчлөлийн генотипийн онцлог тархалт, оношилгоо, эмчилгээ, молекул генетикийн цогцолбор судалгаа хийж, эмчилгээний шинэ удирдамжийг практикт нэвтрүүлж, судлаачийн ажлын чансааг үнэлэх судлаачийн бүтээлийн эшлэлийн индекс (Citation Index or Hirsh Index) шалгуурыг бүрэн хангаж чадсан эрдэмтэн юм.

Ц.Цэрэндорж нь “XV-XIX зууны Монгол ба Солонгос: Түүх, эх сурвалжийн шинжилгээ” сэдвээр Түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг  хамгааллаа.

Тэрээр 1995-1999 онд Улаанбаатарын Их сургуульд суралцан түүх судлаач-солонгос хэлний орчуулагч  мэргэжлээр төгссөн. 2010 онд БНСУ-ын Солонгос судлалын академид “XIV зууны сүүл хагасын Зүүн Азийн олон улсын байдал ба Умард Юань-Корёгийн харилцаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Ц.Цэрэндорж Монголын дундад үеийн түүх, сурвалж судлал, Солонгос судлал, эрт, дундад үеийн Монгол-Солонгосын харилцааны чиглэлээр дагнан судалгаа хийдэг.  

Нийт 250 шахам эрдэм шинжилгээний бүтээл туурвиснаас “Их Монгол улс” (УБ., 2019, бусад зохиогчийн хамт), “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал, өв, соёл (УБ., 2019, Б.Баттөмөрийн хамт), “Эртний Монгол-Солонгосын харилцаа” (УБ., 2020) зэрэг ганц сэдэвт бүтээл, “Монголчуудын түүх соёлын атлас”, “Чингис хаан (толь бичиг)” “Үлэмж их Чингис хаан”, “Чингис хааны өв”, “Хубилай хаан ба түүнийг залгамжлагчид” зэрэг хамтын бүтээл, “Юань улсын судар”, “Зарлигаар тогтоосон гадаад монгол, хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир”, “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх энэ мэт болой”, “Манжийн үнэн магад хууль”, “Өөлдийн ноёдын уг эх” зэрэг эрдэм шинжилгээний бүтээлд зохиогч, эмхэтгэгчээр оролцжээ.

Түүнчлэн “Гурван улсын нөхсөн судар”, “Хон Гилдон нэрт шастир”, “Пархэгийн шинжлэл”, “Хоёр засгийн газартай 1921 оны Монгол”, “Монголын эзэнт гүрний мандал буурал”, “Дэлхийн Монгол гүрэн”, “Умар газар одсон хувийн тэмдэглэл”, “Мин улсын судар”, “Гурван улсын түүхэн тэмдэглэл” зэрэг сурвалж, судалгааны бүтээлийг солонгос, япон, англи, хятад зэрэг хэлнээс орчуулж, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, илтгэл нийтлүүлжээ.

Таны сурталчилгаа