Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөг нутгийн генералуудын талбайд шилжүүлэн байрлууллаа.

Арга хэмжээнд Завхан аймгийн ИТХ-ын дарга Н.Тамир, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн болон Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, нутгийн генералуудын үр хүүхэд, төрөл төрөгсөд оролцлоо.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, армийн генерал, дипломатч Батын Дорж 1914 онд Алдархаан сумын Барзан хэмээх газарт төрсөн. 1948-1952 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын академийн дээд курст сурч төгсжээ. 

Тэрээр эх орныхоо төлөө 1939 оны Халх голын дайн,1945 оны Чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтад тулалдаж явсан гавьяатан. 

Мөн Засгийн газрын шийдвэрээр 1940-1948 он хүртэл баруун хязгаарыг тохинуулах командлагчаар томилогдон, улсын хилийг цөмлөн орж ирсэн Гоминдан, Оспаны дээрэмчдийг устгах, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудын ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлжээ.

Батын Дорж нь төрийн албанд 50 орчим жил тасралтгүй зүтгэхдээ Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдаар 2 удаа, Хилийн цэргийн командлагчаар мөн л хоёронтоо томилогдон ажиллаж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган дэлхийн улс орнуудтай найрамдалт харилцаатай зэрэгцэн хөгжих үед Монгол Улсаа харийн оронд төлөөлөн суусан олон улсын дипломатч байсан нэгэн.

Түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, Сүхбаатарын одонгоор 2 удаа, байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, Алтангадас одонгоор 2 удаа, түүнчлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, байлдааны ба ойн медалиудаар шагнаж байжээ.

Таны сурталчилгаа