Цаг үеийн мэдээ

МҮХАҮТ, БНХАУ-ын Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоо хамтран бизнес уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Янтай хотын Үйлдвэр худалдааны холбооны дэд дарга Ху Вэйнинг тэргүүтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга, байгууламж, электрон хэрэгсэл, машины эд, анги, хүнсний бүтэгдэхүүний үйлдвэрлэл зэрэг 10 гаруй салбарын аж ахуйн нэгжүүдийн ТУЗ-ийн дарга, Ерөнхий захирал, Монголын талаас 50 гаруй ААН-ийн төлөөлөл оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хоёр орны бизнес, худалдааны салбарын харилцаа өргөжин тэлж буйг уулзалтын эхэнд тэмдэглээд цаашид ч олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлэх боломжтой гэлээ.

Янтай хотын Үйлдвэр худалдааны холбооны дэд дарга Ху Вэйнинг Янтай хот нь Шаньдуны зүүн хэсэг, Шар тэнгис, Бохай тэнгисийн заагт оршдог, 7 сая гаруй байнгын оршин суугчтай үндэсний шилдэг хот хэмээн танилцуулав. Түүнчлэн, ногоон, нүүрстөрөгч багатай, өндөр чанартай хөгжлийн туршилтын бүсийг байгуулах, Шар мөрний сав газрын экологийг хамгаалах зэрэг үндэсний томоохон стратегийн боломжуудыг ашиглаж, шинжлэх ухаан, технологийн кластеруудыг өндөр стандарттай байгуулснаар 2022 онд хотын ДНБ-ий хэмжээ 951 тэрбум 600 сая юаньд хүрч, 5,1 хувиар нэмэгдсэн нь өсөлтийн хурд болон хэмжээгээрээ Шаньдун муждаа тэргүүлсэн байна. Тус хотын захиргаанаас Дэвшилтэт үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээ, шинэ эрчим хүч, дэд бүтэц, хот байгуулалт болон бусад олон салбарыг хамарсан нийт 2,2 их наяд юанийн хөрөнгө оруулалт бүхий 537 гол төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учир хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны эрэлт, орон зай өргөн байгааг онцлов. 

МҮХАҮТ, Янтай хотын Худалдаа аж үйлдвэрийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, цаашид хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, хамтарсан уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тогтлоо. 

Мөн энэ үеэр B2B уулзалт зохион байгуулагдаж, Янтай хотын бизнес эрхлэгчид хамтарсан үйлдвэр барих, Монгол Улсад бүтээгдэхүүнээ борлуулахад түншлэх зэргээр хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлж байв.

Таны сурталчилгаа