Цаг үеийн мэдээ

“Кинонд ээлтэй хот” зорилтын хүрээнд “Машинтай кино” үзвэрийг үнэ төлбөргүй толилууллаа. 

Дархан хотын баярын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Найрамдал төсөл хамтран зохион байгуулав. 

Энэхүү үйл ажиллагааг урд өмнө төлбөртэй зохион байгуулдаг байсан бол иргэдийг киногоор дамжуулан соён гэгээрүүлэх, задгай талбайд кино үзвэрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэгдэж, 62 жилийн ойн баярт зориулан хоёр киног үнэ төлбөргүй үзэх боломжийг олголоо.

Эхний кино 18.30-20.20 цагт "Hitman: Agent Jun" 2020 онд бүтээгдсэн адал явдалт, инээдмийн кино байлаа. Амжилт муутай комик зохиолч халамцуу үедээ “Hitman”-аар ажиллаж байсан өөрийн өмнөх үеийнхээ амьдралыг санаандгүй хуваалцсанаар киноны үйл явдал өрнөдөг ажээ.

Дараагийн үзвэр 21.00-23.00 цагт “About time” байлаа. 2000-аад оны хит кинонууд болох “Love actually”, “Notting hill” кинонуудын найруулагч Ричард Кёртисийн бүтээл цаг хугацаа, хайр дурлал, хосын харилцаа, гэр бүлийн үнэ цэнийг өгүүлэх аж.

Уг кино үзвэрийг 100 орчим машинтай 300 гаруй иргэн үзэж сонирхжээ.