Цаг үеийн мэдээ

“Зэвсэгт хүчний ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-өөр Нийслэлийн Онцгой байдлын газрын “Ахлагчийн зөвлөл”-өөс “Ахлагчийн анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.

Чуулга уулзалтыг нээж дарга, хурандаа А.Дашням хэлсэн үгэндээ “Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 80 гаруй хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг. Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө гал, усны гашуун зовлон руу нүүр тулж үүрэг гүйцэтгэдэг бахархам алба юм. Ачааны хүндийг үүрч, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажилладаг аврагч, гал сөнөөгч нартаа баярын мэнд дэвшүүлье.Гамшгийн аюулаас иргэдийн эрүүл мэнд амь насыг авран хамгаалдаг хариуцлагатай, амаргүй албандаа идэвх зүтгэлтэй байж, сурч боловсорч, хөгжиж, гэр бүл, эрүүл мэндээ үргэлж анхаарч байхыг хүсье” хэмээн онцоллоо.

Арга хэмжээний үеэр эрхэлсэн ажил албандаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдад шагнал гардуулж, чөлөөнд гарсан ахмадууд байгууллагын туганд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардан авлаа.

Мөн зөвлөлийн дарга, Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, тэргүүн ахлагч Х.Цогбадрах 2021-2023 онуудад хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар чуулга уулзалтад оролцож буй бүрэлдэхүүнд мэдээлэл хүргэсэн.

Ахлагчийн зөвлөл нь 2021 онд байгуулагдсан бөгөөд бүтцийн нэгжүүдэд салбар зөвлөлийг байгуулан, ахлагч бүрэлдэхүүний дуу хоолойг удирдлагын түвшинд уламжлан, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэхэд манлайлан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа