Пакистан улсын крикетийн спортын тамирчин, Ерөнхий сайд асан Имран Ханд улсын нууц задруулсан хэргээр энэ долоо хоногийн эхэнд 10 жилийн хорих ял оноогоод байсан билээ. Тэгвэл Имран Хан болон түүний эхнэр Бушра Бибид авлигын хэргээр дахин 14 жилийн хорих ялыг дахин оноосон байна. Ингэснээр Хан нийт 24 жил хоригдох ял сонслоо.
Ерөнхий сайд асан Хан болон түүний эхнэрт улсын санд бүртгэлтэй бэлгүүдийг бусдад худалдаж хууль бусаар ашиг орлого хуримтлуулсан гэж буруутгажээ. Экс Ерөнхий сайдын өмгөөлөгчид болон Техрик и Инсаф намаас шүүхийн удаа дараалан гаргасан шийдвэрүүдийг улс төрийн сэдэлтэй, хууль бус үйлдэл гэж үзэн дээд шүүхэд давж заалдахаар болсон байна.
Түүнчлэн Ерөнхий сайд асны гэр бүлд 1,5 тэрбум рупи буюу 5,3 сая ам.долларын торгууль оногдуулах шийдвэр гаргажээ. Имран Хан өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Равалпиндигийн Адиала шоронд хоригдож байна.