Цаг үеийн мэдээ

Эрхэм  үзэгчид та  бүхэн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт үзвэр үзэхдээ дараах  зүйлүүдийг анхаарахыг зөвлөж байна. 

1.  Та үзэх гэж байгаа тоглолтынхоо тухай мэдээллийг заавал уншаарай.

2. Хамт ирж байгаа хүнтэйгээ тоглолтын тухай мэдээллийг хуваалцсан байх хэрэгтэй.  Та хамтрагчтайгаа мэдээллээ хуваалцаагүйн улмаас тоглолтын үед унтах, уйдах, хоорондоо ярих зэрэг алдаа гаргаж бусад үзэгчдэдээ  саад  болох талтай. 

3. Тоглолт үзэх насыг заасан байдаг бөгөөд  насандаа  тохирсон үзвэрээ сонгоорой.  Хэрэв таны  сонгосон  үзвэр 12+ гэсэн тэмдэглэгээтэй байвал та үүнээс дээш насны хүүхдэдээ үзүүлэхгүй байхыг хичээгээрэй.

4. Тоглолтын  суудлын схемийг сайтар судалж, суудлын сонголтоо зөв хийн тасалбараа худалдан аваарай. Хэрэв та онлайнаар авахдаа буруу сонголт хийсэн тохиолдолд буцаах боломжгүй гэдгийг анхаараарай.

5. Мөн  тоглолтын он сараа анхааралтай хараарай.  Учир нь зарим  үзэгчид  он сар цагаа буруу харсны улмаас дараа өдөр нь ирж тэр суудалдаа үзэхийг хүсдэг. Мэдээж энэ бол боломжгүй. Өөр үзэгчтэй суудал давхардах аюултай. 

6.  Театрт өөртөө зохицсон  ихэмсэг хэр нь энгийн хувцсаа сонгож өмсөх бөгөөд жинсэн өмд, пүүз, биеийн тамирын хувцас өмсөхөөс  зайлсхийх нь зүйтэй. 

7. УДБЭТеатрын тоглолт цагтаа эхэлдэг гэдгийн бүү мартаарай. Тоглолт эхлэх цагаа зөв тооцоолж, театрт тоглолт эхлэхээс  30 минутын өмнө ирэх хэрэгтэй.

Хэрэв та замын түгжрэлийг зөв тооцоолон цагтаа театрт ирвэл,  гадуур хувцсаа өлгүүлэн театртай танилцаж,  суудлаа зөв олж суух боломжтой. 

8.  Тоглолтын цагаас хоцорч, хаалга барьсан хойно ирж, хаалгыг татаж, цохих нь маш бүдүүлэг алдаа бөгөөд бусад үзэгчид болон уран бүтээлчдэдээ саад болж, бусдыг үл хүндэтгэсэн байдал үүсдэг.

9.  Үзэгчдийн танхим руу гялгар ууттай чихэр, идэх юм ус, ундаа, кофе авч орохгүй байхыг хичээгээрэй. Хэрэв авчирсан бол үүдэнд үлдээж ороод завсарласны дараа хэрэглэх боломжтой. 

10. Тоглолтын үед гар утсаар ярих, бусадтай ярих, утсаараа бичлэг хийн, зураг авч уран бүтээлчид болон  бусад үзэгчдэдээ  саад болохгүй байхыг хичээгээрэй. 

11. Театрын тасалбарын ард  хориглосон зүйлсийн тэмдэглэгээ хийсэн байдаг бөгөөд түүнийг харж, мэдээлэл аваарай. 

12. Тоглолтын үед хэзээ алга ташиж баяр хүргэх нь хамгийн чухал байдаг.  Жишээлбэл  тоглолтын эхлэл, завсарлагааны  үед жүжигчид ёслох агшин, төгсгөлд алга ташна.  Тоглолт явагдаж байх үед буруу үед алга ташиж, чимээ гаргавал уран бүтээлчдэд саад болж тэд гэмтэх аюул тулгардаг. 

Театрын соёлын талаарх мэдээлэл маш их байдаг, бөгөөд  театр  өөрийн хуудас, веб сайтаараа  дамжуулан мэдээллээ түгээдэг. Тиймээс та бүхэн тоглолт үзэхээсээ өмнө театрын гаргасан мэдээллийг уншиж байхыг зөвлөж байна. 

Эх сурвалж: Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театр 

Таны сурталчилгаа