Цаг үеийн мэдээ

“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан билээ.

Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог байна.

Энэхүү олон улсын жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2024 онд 21 дүгээр тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдөр зарласан.

Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2024 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт 2024 оны долдугаар сарын 16-ныг дуустал явагдсан байна.

Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцжээ.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас эдгээр бүтээлийг олон нийтэд танилцуулж санал авахад бэлэн болсон талаар мэдээлэл өгөв. Үүнд:

2024 оны долдугаар сарын 25-ны өдрөөс долдугаар сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд буюу https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар олон нийтэд танилцуулж санал авах,

2024 оны долдугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 31-ний өдрийн хооронд Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтээс санал авахаар төлөвлөжээ.

Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийх бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны наймдугаар сарын 1-ний өдөр эцэслэн шалгаруулах юм.

Тус сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нээлттэй сонгон шалгаруулж, АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор мэргэжилтэй шүүгчидтэй хамтран ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулах тухай” зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.

“Шинэ Хархорум” хот байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

“Шинэ Хархорум” хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрч, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна.

Таны сурталчилгаа