Цаг үеийн мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Шэнь Миньжюань, УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн баярын мэндчилгээг уламжлав.

Тэрбээр, хөрш хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, олон намын оролцоог хангасан ардчилсан парламентын сонгуулийн дүнд Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй УИХ байгуулагдсан. Цаашид парламентын ардчиллыг бэхжүүлэх, УИХ дахь улс төрийн намуудын төлөөллийг мэргэжлийн институц болгон хөгжүүлэх, мөн эрх зүйн шинэчлэл хийх нь бидний зорилт гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Монгол УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод хоорондын хуралдааныг тогтмол зохион байгуулахад анхаарч ажиллана хэмээснийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлжээ.

Таны сурталчилгаа