Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний цэргийн ёслолын жагсаал Дорнод аймагт зохион байгуулагдлаа. Ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр командалж, "Сэлэнгэ-2024" хээрийн сургуульд оролцсон хоёр орны цэргийн алба хаагчид зэвсэглэл техниктэйгээ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, ахмад дайчдын төлөөлөл ёслолын жагсаалаар алхсан юм.
Ялалтын түүхт 85 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал Халхын голын байлдаанд оролцсон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын Байлдааны тугийг залснаар эхэлсэн бөгөөд орон нутгийн иргэд төдийгүй эх орныхоо дөрвөн зүгээс энэхүү ёслолын ажиллагааг үзэхээр олон иргэд хуран цугласан байсан юм.
Тэртээ оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрссон баатарлаг хөвгүүд, охидын дусалсан цус, унагасан нулимс, асгаруулсан цус, өргөсөн халуун амины үнээр олдсон эх орон минь Халхын голын байлдааны ялалтын ойг 1940 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэж ирсэн билээ. Ахмад үеийнхээ гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх, ах дүү улсын найрамдалт хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Халхын голын байлдааны ялалтын ойн арга хэмжээ ач холбогдлоо өгсөөр өдгөөг хүрчээ. Энэ өдөр ч тэр л ёсоор ёслол төгөлдөр тэмдэглэж, цэрэг дайчдаараа бахдаж өнжив. Цэргийн ёслолын сүрт жагсаалаас гадна Чойбалсан хот тэр чигтээ ялалтын баярын уур амьсгалд умбаж, хөгшид буриад дээлээ иж бүрэн агсаж, одон тэмдгээ энгэртээ гялалзуулан дайнд оролцсон өвгөдийнхөө гэрэлт зургийг өмнөө барин, энх цагийн бэлгэдэл өнгө өнгийн цэцэг гартаа атган инээмсэглэн алхаж байлаа.
Нэгэн жигд алхаагаар ярсхийтэл алхах дайчдыг хүндэтгэлийн индрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Монгол Улсын ХХЕГ-ын дарга хошууч генерал Х.Лхагвасүрэн, ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан дэслэгч генерал Ц.Тогоо, дэслэгч генерал Д.Даваа, дэслэгч генерал Д.Ганзориг нарын зочид болон ахмад дайчин Ц.Чимидцэрэн, Я.Өсөх, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевич, ОХУ-ын талаас Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал М.Я.Носулев, Бүгд Найрамдах Буриад Улсын Монгол Улстай хамтран ажиллах сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевич нарын төлөөлөгчид үзэж сонирхсон юм.