Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.08.19-өөс 08.25-ны өдрүүдэд) 39.435 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 277 хэргийг хүргүүлсэн байна. 

Мөн зөрчлийн шинжтэй 71.953 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 71.959 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 71.209 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 750 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаар:

Цахим орчинд нэр бүхий хаягаас 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Барьсан шонхор шувуунуудаа тавь, Арабуудын унаж явсан тээврийн хэрэгсэл осолдчихлоо” гэх видео мэдээлэл нийтлэгдсэн. Уг асуудлыг Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгалтын ажиллагааг явуулсан.

"Өвөрхангай аймаг, Тарагт сумын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэн зөвшөөрөлгүйгээр тагтаа, ногтруу шувуу барьсан" гэх Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл (Амьтны тухай хууль зөрчих)-д заасан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дугаар хэсэгт зааснаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт харьяаллын дагуу шилжүүлж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн Катар улсын иргэн S.Kh, Бүгд Найрамдах Ирак Улсын иргэн D.D нарын үйлдэлд тус бүр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Таны сурталчилгаа