НЗДТГ болон Канад улсын ЭСЯ хамтран “Канад сан”-ийн дэмжлэгээр “Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгуулах” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвд эрүүл мэндийн үйлчилгээг дэмжих, нөхөн сэргээх эмчилгээ бүхий чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа. Тус төвөөр үйлчлүүлж буй иргэд чийрэгжүүлэх, сэргээн засах, шарах, утах зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжтой болж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд нь туслан дэмжиж ажилладаг бөгөөд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний цор ганц байгууллага юм. Манай улсын эрүүл мэндийн байгууллагууд даатгалаар үйлчилгээ үзүүлдэг бол зорилтот бүлгийн иргэдэд даатгал байдаггүй. Иймд эрүүл мэндийн үйлчилгээ хурдан шуурхай авах хэрэгцээ байнга гардаг гэдгийг Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг хэлж байв.
НЗД-ын орлогч Л.Хосбаяр “Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх, эрүүл мэнд, боловсролд анхаарах, хөдөлмөрт бэлтгэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд нийт 800 орчим орон гэргүй иргэд байгаа гэсэн тоо мэдээлэл байна. Тус төвд жилд 150-200 орчим иргэн шинээр бүртгэгддэг. Дээр дурдсан 800 иргэний 200 орчим нь эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Үйлчилгээ авдаг иргэдийн 80 гаруй хувь нь үе мөчний өвчлөлтэй байдаг учир сэргээн засах эмчилгээний тусгай танхим зайлшгүй хэрэгтэй байсан. Канад улсын ЭСЯ, “Канад сан”-гийн дэмжлэгээр ийм төв байгуулж өнөөдөр үйл ажиллагаагаа эхлүүллээ” гэв.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани “Канад сан хөтөлбөр Монгол Улсад хэрэгжээд 27 жил болж байна. Энэ хугацаанд бид 520 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ жил 14 төсөл хөтөлбөр шалгарсны нэг нь зорилтот бүлгийн иргэдэд зориулсан физик эмчилгээ болон бусад шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилго бүхий чийрэгжүүлэх, сэргээн засах танхим нээх байсан юм. Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлдэг иргэдэд зориулсан шинэ төслийг амжилттай нээж байгаадаа баяртай байна” гэлээ.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар БЗД-ийн 20 дугаар хорооны Майхантын аманд “Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл сургалт хүмүүжлийн цогцолбор төв” байгуулах шийдвэр гаргасан бөгөөд энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.