Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг энэ сарын 26-нд хүлээн авч уулзав.
Тэрбээр Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буйг онцолж, хоёр орны харилцааг өргөжүүлэх чиглэлээр Элчин сайд Зафер Атеш идэвх санаачилгатай ажиллаж буйг сайшаав.
Хоёр орны харилцааны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцааны түвшнийг ахиулахыг зорьж буйг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг дурдаж, ойрын хугацаанд дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.