Цаг үеийн мэдээ

Сонгуулийн ерөнхий хорооноос байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд сонгуулийн хууль тогтоомж, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаарх арга зүйн сургалтыг орон нутагт өчигдрөөс томилолтоор, цахим сургалтыг өнөөдрөөс хуваарийн дагуу зохион байгуулж байна. Цахим сургалтыг Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хуулийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Наранбат нар удирдан Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороодын гишүүд оролцож сонгуулийн зохион байгуулалт болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой арга зүйн зөвлөмж, мэдээлэл авлаа. Өвөрхангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон аймгийн сонгуулийн хороод маргааш цахим сургалтад оролцоно.

Нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой улс төрийн намуудад хууль тогтоомжийн зохицуулалт, сонгуулийн мэдээллийн цахим сан- www.e-election.mn системийг ашиглах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газар, Мэдээллийн технологийн төвөөс наймдугаар сарын 24-өөс хуваарийн дагуу цахим сургалт зохион байгуулж байна.

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотойгоор аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодод чиглэл хүргүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр (2024.08.27) эхэлж есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ.

Нэр дэвшүүлэх ажиллагаа есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилж, есдүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө. Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол есдүгээр сарын 26-ны өдөр тухайн шатны сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичигтэй танилцана уу.

Таны сурталчилгаа