Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Завхан аймагт төлөөлөн хэрэгжүүлэх 2024 оны гэрээний хүрээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч үзлээр төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Арга хэмжээг Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлэв.

Ёслолд Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, цэргийн шинжээч, Улсын байцаагч, хурандаа Т.Мөнхбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын захиргаа удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Д.Мөнгөнжин, Хил судлалын хүрээлэнгийн хилийн түүх судлалын секторын дарга, хурандаа Н.Даваадорж болон аймгийн төрийн, хууль сахиулах байгууллагын дарга удирдлагууд, ахмад дайчид, Армийн генерал Б.Доржийн гэр бүлийн төлөөлөл, ач зээ нар оролцлоо.

Мөн арга хэмжээний хүрээнд Л.Ванганы нэрэмжит ХЖТ-т “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-ын 1000 орчим үзмэр тавигдлаа. Үзмэрийг аймгийн Ерөнхий боловсролын 5 сургууль, Алдархаан, Идэр, Тэлмэн сумын сургуулиудын 2500 орчим сурагч, зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлэв.

Түүнчлэн “Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ” баримтат киног толилуулж, “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-ын тэргүүн, доктор профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд “Эх оронч үзэл, хүүхэд залуучуудын үүрэг оролцоо” сэдвээр лекц уншлаа.

Монгол Улсын баатар, армийн генерал, дипломатч Батын Дорж 1914 онд Алдархаан сумын Барзан хэмээх газарт төрсөн. 1948-1952 онд ЗХУ-ын Фрунзийн академи, Жанжин штабын академийн дээд курст сурч төгсжээ. Тэрээр эх орныхоо төлөө 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, баруун хилийн тулгаралтад тулалдаж явсан гавьяатан. 

Батын Дорж нь төрийн албанд 50 орчим жил тасралтгүй зүтгэхдээ Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдаар 2 удаа, Хилийн цэргийн командлагчаар мөн л хоёронтоо томилогдон ажиллаж, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг даган дэлхийн улс орнуудтай найрамдалт харилцаатай зэрэгцэн хөгжих үед Монгол Улсаа харийн оронд төлөөлөн суусан олон улсын дипломатч байсан нэгэн.

Түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, Сүхбаатарын одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, Алтангадас одонгоор 2 удаа, түүнчлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны ба ойн медалиудаар шагнаж байжээ.

Таны сурталчилгаа