Цаг үеийн мэдээ

Гадаад улсын гэмт бүлэглэлээс цахим хэрэгсэл ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Кибер аюулгүй байдлын зөвлөл, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван: Сүүлийн жилүүдэд цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг тогтмол өсөж байна. Иргэдэд эд хөрөнгө, сэтгэл санааны ихээхэн хохирол учруулж байгаа. Сүүлийн 4 сарын хугацаанд телеграмм платформ ашиглан үйлдсэн гэмт хэрэг тогтмол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Хохирлын хэмжээ ч өдөр тутам нэмэгдсээр байгаа. Телеграмм платформ нь 2014 онд үүссэн. Дэлхийд нийт 950 сая хэрэглэгчтэй. 25-45 насныхан 54 хувийг эзэлдэг. Хүйсийн хувьд 58 хувь нь эрэгтэй. 42 хувь нь эмэгтэй. Сард дунджаар нэг хэрэглэгч 03:40 цагийг энэхүү платформд өнгөрүүлдэг. ОХУ-аас гаралтай. 

Телеграмм платформд олон улсад дараах төрлийн гэмт хэргүүд шалгагддаг.  

Романс залилан- Хохирогчтой удаан хугацаанд харилцаа үүсгэж, итгэлийг нь олж авах замаар эд хөрөнгийг нь залилдаг.  

Даалгавар өгөх- Даалгавар биелүүлж мөнгө авахыг санал болгодог. Шагнал, судалгаа бөглүүлэх нэрийдлээр хувийн мэдээллийг олж авдаг.  

Хуурамч зар- Өндөр цалинтай ажилд авна гэх мэт хуурамч зар сурталчилгаа явуулж, эд хөрөнгийг залилдаг.   

Секс сүрдүүлэг- Хохирогчийг өөрөөр батлан даалгах буюу хувийн эмзэг мэдээллийг авч, түүгээр дарамталж залилдаг.   

Сopycat- Ижил нэртэй групп, хаягуудыг хуулбарлаж, доторх мэдээлэл үйлчлүүлэгч нараас мөнгө авдаг.  

Рump and dump- Хөрөнгө оруулалт /Хувьцаа, крипто, койн/ ханшийг өсгөж байгаа байдлаар иргэдийг төөрөлдүүлж залилдаг. Эдгээр төрлүүд нь бүгд Монгол Улсад бүртгэгдсэн. Сүүлийн 4 сард энэ төрлийн 619 залилан бүртгэгдсэн. Үүнээс 10.3 тэрбум төгрөгийн бодит хохирол иргэдэд учирсан. Нийслэлд 457 гэмт хэрэг гарсан. Хохирол нь 6.8 тэрбум төгрөг. Хохирогчдын гурван хүн тутмын хоёр нь эмэгтэй хүн байна. 25-34 насныхан хохирогчдын хамгийн их хувийг эзэлж байгаа. Хохирогчдын дийлэнх нь дээд боловсролтой буюу 67.5 хувь нь дээд боловсролтой. Ажил мэргэжлийн хувьд хувийн байгууллагад ажилладаг иргэд хамгийн их хохирчээ.

Хамгийн их мөнгөн дүнгээр хохирсон хохирогч нь 195.8 сая төгрөгийг 39 удаагийн үйлдлээр гэмт этгээдийн зориудаар бэлтгэсэн найман төрлийн данс руу шилжүүлж хохирсон байгаа юм. Хамгийн эхлээд Тик ток дээр даалгавар биелүүлээд 9000 төгрөг ашиг болгож авсан. Ингэхдээ 39 удаагийн үйлдлээр 195 сая төгрөгөөр хохирсон. Эдгээр гэмт хэргийг үйлдэгч этгээдүүд нийт 976 данс ашиглаж байна. Сүүлийн 45 хоногт телеграмм платформоор иргэд 6.1 тэрбум төгрөгөөр хохирчээ. Энэ бол ноцтой асуудалд хүрсэн. 

Таны сурталчилгаа