Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар салбараас хэрэгжүүлж буй ажил, өвчлөлийн байдлын талаар мэдээлэв. Салбараас томуу, томуу төст өвчний талаар 1, 5 дахь өдөр бүрийн 11:00 цагаас мэдээлж байна гэв.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: Энэ жилийн хувьд ЭМЯ Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх арга хэмжээг нэлээд эртнээс авч эхэлсэн. Нийт 320 мянган хүн тун вакциныг есдүгээр сараас хийсэн. Одоогоор 90 хувьтай явна. Цаашдаа вакцины үр дүнгээс хамаараад ирэх жилүүдэд нэмэх талаар судалгаанаас үндэслэн шийдвэрлэнэ. Нэг тун вакцин ойролцоогоор 26 мянган төгрөг байгаа. Гэтэл хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтээд юм уу, эмийн сангаас эм худалдаж авахад 100-200 мянгаас давсан өртөгтэй болно. Тиймээс вакцинжуулалтын тоо хэмжээг нэмэгдүүлэх, судалгаанд үндэслэн вакцинжуулалтад хамрагдсан хүүхдүүдэд өвчлөл ямар байна, хүндрэл ямар байна гэдэг тоон мэдээллүүдийг дараа дараагийн хурлаараа танилцуулаад явна. Томуу, томуу төст өвчинтэй холбоотой дохиолол удирдлагын тогтолцоог ажиллуулж эхэлсэн байгаа. Үүнд хамгийн түрүүнд хийх ажил өвчлөлөөс урьдчилан сэргийлэх. Хамгийн зардал багатай нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлье гэдэг зорилттой ажиллаж байна. Маскаа зүүгээд, гараа тогтмол угаах нь энэ төрлийн өвчлөлөөс өөрсдийгөө тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж чадна. Энэ удаад бид “Ханиаднаас хамтдаа сэргийлье” гэдэг уриатай явж байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд 119 гэж дугаар ажилладаг. Энэ утсанд 12:00-22:00 цаг хүртэл уртасгасан цагаар зөвхөн томуугийн талаарх мэдээлэл есөн шугамаар өгөхөөр бэлтгэгдсэн байгаа. Мөн Нийслэлийн түргэн тусламжийн төвд зөвхөн хүүхдийн тусламж үйлчилгээтэй холбоотой шугамыг нэмж найман шугамаар зөвхөн хүүхдийн дуудлагыг хүлээн авч байна.
Томуу, томуу төст өвчний тандалтын мэдээллийн талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба Уртнасан: ХӨСҮТ-д долоо хоног бүр 9 дүүрэг, 21 аймгийн мэдээллийг аваад тандалт судалгааг хийж байна. Амбулаториор нийт үйлчлүүлж байгаа хүмүүсийн 5 хувь орчмыг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад ижил түвшинд байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс дотроос уушгины үрэвслийн шалтгаантай буюу амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаантай 21 орчим хувийг эзэлж байна. Өнгөрсөн 7 хоногоос бага зэргийн нэмэгджээ. Томуу, томуу төст өвчний тархалтын түвшнийг таван үед хувааж үздэг. 43 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд идэвхжилийн түвшин буюу шар түвшинд байна. Тархалтын түвшин 21 аймаг, нийслэлд тус тусад нь үнэлдэг. Энэхүү үнэлгээгээр улирал хоорондын түвшин буюу ногоон түвшинд нэг аймаг, идэвхжилийн түвшин буюу шар түвшинд Улаанбаатар хот болон 17 аймаг байна. Алаг цоог дэгдэлтийн түвшин буюу улбар шар түвшинд 2 аймаг байна. Бид энэ хоёр аймагтайгаа холбогдон арга хэмжээг идэвхжүүлэн ажиллаж байна. Насны хувьд нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 46 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. 15 нас хүртэлх хүүхэд 75 орчим хувийг эзэлж байна. Нийт эмнэлэгт эмчлүүлэгсдийн амьсгалын замын цочмог хүнд халдвараар 15 хүртэлх насны хүүхэд 85 хувийг, 5 хүртэлх насны хүүхэд 57 хувь орчмыг эзэлж байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад 5-9 насны хүүхдийн өвчлөл бага зэрэг нэмэгдсэн тохиолдол ажиглагдлаа. Судалгаанаас харахад томуугийн өвчлөл аравдугаар сараас эхэлж нэмэгдээд, арваннэгдүгээр сарын сүүл арванхоёрдугаар сарын эхээр оргил үедээ хүрдэг зүй тогтол ажиглагдсан. Амьсгалын замын цочмог халдвараар эмнэлэгт хэвтсэн хүүхдүүдийн 50 хувь орчим нь зөвхөн нийслэлээс мэдээлэгдэж байгаа. Тиймээс манайхаас НЭМҮТ-өөс өдөр бүр мэдээлэл авч нэгтгэж ажиллаж байна. Арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар 9 дүүрэгт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчлөлтэй байна. Нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг дэлгэн ажиллуулж байна. Аймгуудад ачаалал нэмэгдсэн зүйл одоогоор байхгүй. Яаралтай түргэн тусламжийн 12 орчим хувийг томуу, томуу төст өвчний шалтгаантай дуудлага эзэлж байна.
ЭХЭМҮТ-ийн чанарын албаны дарга, хүүхдийн эмч Оюунчимэг: Томуу, томуу төст өвчин нь хоорондоо жаахан ялгаатай. Амьсгалын замын А болон В хүрээний гэж ярьдаг. Ялангуяа 5 хүртэлх насны хүүхдийг уушгины хатгалгаагаар маш их хүндрүүлдэг нь томуу юм. Түүнийг бид вакцинаар сэргийлэх нь чухал. Томуу төст өвчин гэхээр 200 гаруй вирус байсан. Жишээ нь, аденовирусын гэхээрээ нүд нь өвдсөн хүүхэд. Иринавирус гэхээрээ хамар нь битүүрч байгаа хүүхэд орж ирэх юм байна. Параинфлуэнзавирус гэхээр хоолой нь боох, эрисвирус ороод ирэхээр гуурсан хоолой амьсгалын төгсгөлд очиж агшаагаад, тэр нь хатгаа болгодог 4 вирус давамгайлаад явж байгаа юм байна. Хүүхэд ханиад хүрснийг яаж мэдэх вэ. Сүүлийн арав хоногт хүүхэд нэгдүгээрт, ханиана. Хоёрдугаарт, халуурна. Гуравдугаарт, хоолой нь өвдөнө. Том хүүхэд хоолой өвдөж байгаагаа хэлнэ. Бага насны хүүхэд хэлж чадахгүй. Эмч хоолой улайсан байна гэдэг. Энэ гурван шинжийг ээжүүд сайн анхаарах хэрэгтэй.