ХЭҮК-ын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Хонгор суманд өнөөдөр /2024.11.04/ ажиллаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн уламжлалтай.
“Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд Төвийн бүсийн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдтэй уулзах уулзалтаар эхлүүлж байна.
Хонгор сум нь Монгол Улсын газар тариалангийн төв бүсэд оршдог 33 мянган га тариалангийн талбайтай, 170 гаруй мянган толгой малтай, мал аж ахуйн салбарт 966 өрхийн 2000 гаруй иргэн, газар тариалангийн 60 гаруй аж ахуй нэгж, хоршоо, тариалангийн үйлдвэр эрхлэгч өрхийн 700 гаруй иргэн, 5500 гаруй хүн амтай олон улсын авто зам, Замын-Үүд Сүхбаатар чиглэлийн төмөр замын дагуу оршдог, зам харилцаа, дэд бүтэц өндөр хөгжсөн онцлогтой юм.
Сумын хөгжлийн бодлогод иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчин нөхцөлийг сайжруулах, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн оролцоог дэмжин анхаарал хандуулан ажиллаж байна.
Хонгор суманд хийсэн уулзалтаар Комиссын гишүүн С.Дондов Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал “Хүний эрх хамгаалагчийн тухай ойлголт” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, тус сумын иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.