Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2013 оноос эхлэн Дэлхийн банкны 2030 Усны Нөөцийн Бүлэгтэй хамтран ажиллаж байна.
Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан удирдах зөвлөл Монгол улсад усны нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглах тогтолцоог бий болгох, цэнгэг усны хомсдолд орохоос урьдчилан сэргийлэх, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, усны менежментэд эдийн засгийн хөшүүргийг бий болгох, дахин ашиглах усны эрх зүйн орчныг бий болгон үндэсний стандарт боловсруулах, талуудын оролцоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хот болон өмнөд говийн бүсэд эдийн засгийн өсөлтийг хангахуйц ус хангамжийн тогтвортой шийдлүүдийг тодорхойлох зэрэг үйл ажиллагааг тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн.
Хаягдал ус цэвэрлэн дахин ашиглах төслийн хаалтын уулзалтад тус яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Х.Мөнхзул оролцож, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, Дэлхийн банкны 2030 Усны Нөөцийн Бүлэгт талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр ногоон хөгжлийг дэмжих, усны нөөцийг хэмнэлттэй, дахин ашиглах, усны бохирдлыг бууруулж Төв цэвэрлэх байгууламжид очих ачааллыг бууруулах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилтын хүрээнд тус хөтөлбөрийн бодит үр дүнд 2024 оны 11-р сарын 13-ны өдөр М-Си-Эс Кока-Кола ХХК цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК технологийн хэрэгцээндээ ашиглахаар хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Ногоон хөгжил, хаягдалгүй эдийн засгийн загварын сайн жишээ болох Амгалан дулааны станцын өргөтгөлийн нэмэлт ус хангамжийг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо орчмын айл өрхүүдийн хашаа, гудамжинд үүсдэг халиа тошингийн ус, М-Си-Эс Кока-Кола үйлдвэрийн хаягдал усаар хангах техникийн шийдэл, эдийн засгийн тооцоолол, бодлогын зөвлөмжүүд тодорхойлон гаргаж уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах, орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй шийдэл, техник технологийг хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд дэмжин ажиллах болно.