МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаандаа ялалт байгуулж, WBA Америкийн аваргын бүсийг хүртээд эх орондоо ирлээ. Энэ үеэр түүнтэй хэдэн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Сайн явж ирсэн үү?
-Сайн явж ирлээ. Монголдоо дараачийн тулаанаа хийхээр ирсэн. Ямар ч байсан WBA-ийн Америкийн аварга боллоо. Одоогийн байдлаар 11:0 харьцаатай байна. Дараа дараачийн тоглолтууд хүлээгдэж байна. Арванхоёрдугаар сард WBA-ийн хурлаар дэлхийн топ 15-д орох уу, орохгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Монголдоо энэхүү бүсээ хамгаалахаар дараачийн тамирчинтайгаа тулалдана. Нэгдүгээр сарын 25-нд товлогдож байх шиг байна. Дэлхийн хэмжээнд ямар топ 10 тамирчин байна бүгдтэй нь тулалдъя гэдгээ хэлчихсэн. Монголд гал гарсан нэг тулаан болно. Бүсээ хамгаална. Би чадна аа.
-Тухайн өдөр таны төрсөн өдөр болж байсан шүү дээ. Бүсээ гардаад зогсож байх үед танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Өөртөө бэлэг барьсан даа. Энэ анхны тохиолдол биш л дээ. Өмнө нь бас аваргын төлөө ч юм уу, төрсөн өдрөөрөө аваргын төлөө тоглож байсан үе зөндөө байсан. Өөртөө бэлэг бариад маш гоё байсан. Яг тулааны үеэр бөөн эрч хүч л байгаа юм чинь.
-Олимп дуусгаад шууд очсон шүү дээ. Бэлтгэл сайн хангагдсан байсан уу. Өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн бэлтгэж байв?
-Одоо бүсний төлөө тоглоно. Дэлхийн аваргын төлөө тоглоход ойрхон байна. Би 59 кг-д буюу өөрийнхөө жиндээ 120 гаруй тамирчнаас дэлхийд одоогийн байдлаар 25-д явж байгаа. Арванхоёрдугаар сарын хурлаар топ 15-д орох үгүй нь шийдэгдэнэ. Ямар ч байсан топ 10-т байгаа ямар нэгэн тамирчинтай бүсээ хамгаалах тулаан хийнэ. Түүнийгээ монголдоо хийнэ гэж бодож байна. Манай баг, форматууд бүх зардал мөнгийг нь гаргаад тэрхүү тамирчныг монголд авчирна. Манай багш араас ирнэ. Тамирчид тулаан ихтэй байгаа болохоор багш маань одоогоор ирэх боломжгүй байгаа. 14-15 хоногийн дараа ирээд хамтдаа бэлтгэлээ хийгээд форм сайтайгаар эргээд тэмцээндээ орчихно.
-Энэ хугацаанд та байнгын бэлтгэлтэй байх уу. Эсвэл хэсэг амрах уу?
-Шууд бэлтгэлдээ орно. Одоо маш багахан хугацаа байна. Дэлхийн аварга болоход надад маш бага хугацаа үлдсэн. Хичээж байгаад Дэлхийн аварга болно оо би. Одоогоор WBA, IA, Азийн гэх мэтээр таван бүстэй болсон байна. Нэг бүс нэмэгдлээ. Одоо надад Дэлхийн аваргын бүс хэрэгтэй. Тэр бүсний төлөө тулалдана. Түүнийг монголдоо авчирч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Залуучууд, дүү нар минь над шиг дэлхийд гарч зодолдоод энэ бүх бүсийг авах боломжтой шүү гэдгийг би харуулмаар байна. Угаасаа боломжтой.
-Монголдоо тулаанаа хийнэ гэхээр таны сэтгэл зүйд хэр их давуу тал бий болж байна вэ?
-Эх орондоо тулаанаа хийх гэж байна. Энэ чинь маш том сэтгэл зүй шүү дээ. Монголдоо хийх тулаанд сэтгэл зүй үнэхээр өндөр байна гэж бодож байгаа. Цагийн зөрүү, анхнаасаа дассан газар. Америк 16 цагийн зөрүүтэй. Цагийн зөрүүндээ орох гэж их хэцүү байсан. Монголдоо тулаанаа хийх гэж байгаа болохоор эргэлзээд байх юм алга. Одоо миний өрсөлдөх тамирчид маш чанга. Ялагдал гэж байхгүй. Рекорд их сайтай, өндөр формтой сайн тамирчид байгаа учраас би бэлтгэл сайтай байж байж л про тамирчдыг хожих юм билээ.
-Гэр бүлээ хэр санав. Охидоо их санав уу?
-Охидоо их саналаа. Зөндөө том болчихсон байна. Гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрөөнө дөө. Бэлтгэлээ алдахгүй байнга хийнэ.
-Дараагийн тулаанд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
С.ОТГОНБАЯР