Агаарын чанарыг хэрхэн судалж, мэдээлдэг талаар ЦУОШГ-ын Байгаль орчин хэмжил зүйн төвийн мэргэжилтэн Б.Бархасрагчаа мэдээлэл хүргэлээ.
Улаанбаатар хотод агаарын чанарыг судлах 19 станц ажиллаж байна. Эдгээрийн 13 нь Ус цаг уур, орчны шинжилгээний газрын харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг. Зургаа нь Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх хорооны харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түүх сөхвөл 1976 оноос агаарын чанар шинжилгээний ажил эхэлжээ. 1978 онд анхны агаарын чанарын стандарт боловсруулагдаж гарчээ. Ингээд үе шаттайгаар 1998, 2007, 2016 онуудад шинэчлэгдсэн байна. Энэ нь Монгол Улсын агаарын чанарын техникийн ерөнхий шаардлага гэсэн MNS4585:2016 гэсэн стандарт юм. 1998 оноос олон улсад мэдээллээ солилцож эхэлсэн байна. 2010 оноос анхны автомат суурин станцууд Улаанбаатар хотод суурилагдаж эхэлжээ. Ингэж явсаар одоогийн байдлаар 19 станц бүрэн автомат хэмжилтээр мэдээллийг цуглуулаад мэдээллийг дамжуулж байна.
Агаарын чанарын индекс, мэдээллүүд agaar.mn сайтад нээлттэй тавигддаг тул иргэд чөлөөтэй мэдээлэл авах боломжтой.