Цаг үеийн мэдээ

2017 оны намар энхийг сахиулагчид эх орондоо ирж, аав ээж, хань ижил, үр хүүхдүүд нь баярлан угтаж байсан нь саяхан. Намар намрын цагт л хилийн чанадад үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчид хайртай бүхэнтэйгээ учран золгож, тэр бүхэн нь гэрэл зураг, дүрс бичлэгт хамгийн дулаахан зураглалаар бууж, тэгээд бүр нийгэмдээ ч бахархал омогшлыг ч түгээж чаддаг юм. 2017 онд БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний VII мотобуудлагын батальоныхон ч энэ ёсоор эх орондоо ирж, гэрэл зургууд нь ч олноо түгсэн бөгөөд тэр дундаа сурагч охин аавыгаа уйлсаар угтсан зураглал нийгэмд эерэг нөлөөллийг түгээсэн билээ.

Хамгийн сонирхолтой нь найман жилийн өмнө зургаадугаар ангийн сурагч байсан тэрхүү гэрэл зургийн эзэн Батсүхийн Энх-Амгалан өдгөө аавынхаа замналаар цэргийн албыг сонгож, ахлагчийн эгнээнд нэгджээ. Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 2023 онд радиотелеграфчны сургалтад хамрагдаж, 2024 онд дэд ахлагч цолны эзэн болсон байна. Түүний аав сургагч ахлагч Д.Батсүх Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхаа хөгжил, шинэчлэлд залуу нас, хөдөлмөр бүтээлээ зориулж, 2024 оны зургаадугаар сард цэргийн тэтгэвэртээ гарчээ. Энхийг сахиулах ажиллагаанд 8, марш тактикийн тэмцээнд 18 жил тасралтгүй оролцсон Зэвсэгт хүчний тэргүүний ахлагч тэрээр цэргийн тэтгэвэрт гарахынхаа өмнө “Хайртай албандаа том охиноо өглөө. Үр үндсээ энэ албаны төлөө зүтгээсэй гээд өгч байгаа нь миний хариу талархал. Энхийг сахиулах ажиллагаанаас ирэхэд охин минь уйлсаар угтаж байсан бол одоо аав нь охиноо тосоод баярлах нь. Амьдрал хэзээд баялаг, санаж явбал бүтнэ” хэмээн цахим хуудаснаа онцолсон байв. Аавынхаа соёмботой малгайг өмсөж, ёсолж өссөн том охин нь хүсэл мөрөөдлөөрөө цэргийн албыг сонгосондоо баяртай байгаа, ирээдүйд илүү сайн ахлагч болохын төлөө хичээх болно, уралдаан тэмцээнүүдэд ч анги байгууллагаа төлөөлж оролцоно гэдгээ илэрхийлж байсан юм.

Ахмад Д.БОЛОР

Таны сурталчилгаа