Цаг үеийн мэдээ

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг боловсруулж, энэ хүрээнд өнөөдөр хэлэлцүүлэг болов. 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой толгой 99, охин хараат компаниудыг оролцуулаад нийт 123 компани 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 58,087 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хувьцаа эзэмшигчийн 100 хувийн эрхийг хэрэгжүүлж байгаа 42 хуулийн этгээд, Эрчим хүчний яам-27, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар-15 (Эрдэнэс Монгол нэгдэл), Сангийн яам-7, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-4, Зам, тээврийн хөгжлийн яам-3 хуулийн этгээд байна. Эдгээр компани, үйлдвэрийн газрууд нь 2023 онд нийт 23 их наяд 617 тэрбум төгрөгийн орлого, 16 их наяд 912 тэрбум төгрөгийн зардал, 4 их наяд 983 тэрбум төгрөг буюу 21.1%-ийн цэвэр ашиг, 64 их наяд 200 тэрбум төгрөгийн нийт хөрөнгө, 7.76%-ийн хөрөнгийн өгөөжтэй ажилласан байна.

Мөн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43% нь алдагдалтай ажилласан, тайланд оны нийт цэвэр ашгийн дүнгийн 92%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-3.5 их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-803 тэрбум төгрөг, “Хөдөө аж ахуйг дэмжих корпораци” ХХК-101 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК-94.7 тэрбум төгрөг, “МИАТ” ТӨХК-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан зэрэг цөөн хэдэн компани эзэлж байгаа юм. 

Харин орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой 275 хуулийн этгээдийн хувьд 13 хувьцаат компани 21.6 тэрбум төгрөг, 31 хязгаарлагдмал хариуцлагатай компани 18 тэрбум төгрөг, 200 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 45.9 тэрбум төгрөг, 31 төсөвт үйлдвэрийн газар 1.6 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу нийт 87.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан дүн мэдээ гарсан.

Уг хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, ойрын хугацаанд УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

Ерөөсөө хасах 150 тэрбумын санхүүгийн алдагдал хүлээчихсэн компаниудыг байлгаад байх уу. Цаашдаа Монгол Улсад төрийн өмчийн компани хэрэгтэй юу. Төрийн өмчийн компанийн хуулиар үр өгөөжтэй ажиллах боломжтой компаниудыг л төрийн өмчит компаниар үлдээнэ. Алдагдал хүлээж байгаа компаниудыг татан буулгана. Хууль гарснаараа төр ямар бизнест оролцох юм. Ямар бизнест оролцохгүй юм бэ? гэдгийг зааж өгч байгаа юм. Хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх гэдэг үндсэн зарчмыг хуульдаа хийж байна. 51 хуулийн этгээд 380 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Таван хуулийн этгээд нийлээд 4.75 их наядын ашигтай ажилласан. Дахиад тав орчим компани алдагдалтай ажилласан. Ашиггүй ТӨК гэдэг зүйлийг бүр мөсөн үгүй хийнэ гэсэн үг. Үр ашиг, үр өгөөж, ТӨК хоёр хамт оршино. Жишээ нь, Уул уурхайн компаниуд Эрдэнэс Монгол нэгдлээр дамжуулаад өнгөрсөн жил хүрэхгүй хугацаанд 480 тэрбум төгрөгийг хуримтлалын санд оруулжээ. Төрийн өмчийн компаниуд илүү ашигтай ажиллавал “Ирээдүйн өв сан” хуримтлалын сангийн орлого нэмэгдэнэ.  Баялгийн сангийн орлого нэмэгдэнэ. 122 компанийг 70 компани болгож бууруулна. Улс төрийн намын удирдах албан тушаалыг сүүлийн хоёр жил хашиж байгаагүй байх, авлига ашиг сонирхлын хэрэгт холбогдож байгаагүй байх гэх мэт ийм шаардлагуудыг маш өндөр түвшинд тавьж өгч байгаа. Жил жилээрээ сунгаад сунгаад явдаг. Нэг хүнийг томилчхоод дөрвөн жил явдаг биш.

Таны сурталчилгаа