Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байгаа аж. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Тиймээс эхний ээлжид тухайн байршилд амьдардаг иргэдийн зорчих хөдөлгөөн, орц гарцыг нээх ажлыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа ажээ.

Нарангийн энгэр орчимд 2-3 байнгын урсацтай булаг, шанд байдаг бөгөөд 2019 оноос эхлэн зун нь их хэмжээний үер буух, өвөл нь халиа тошин үүсдэг болжээ.

Мөн тус дүүргийн 9 дүгээр хороо, Зүүнсалаа орчимд халиа тошин үүссэн байршилд 18 айл хүнд нөхцөлд оршин сууж байна. Тухайн байршилд 2018 оноос хойш халиа тошин идэвхжиж эхэлсэн. Мөн өнгөрсөн зуны бороо болон энэ өвөл цаг агаар төдийлөн хүйтрэхгүй байгаатай холбоотойгоор халиа тошин өмнөх жилүүдээс их хэмжээгээр үүсээд байгаа юм байна.

Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, халиа тошинд өртсөн айлуудын судалгааг шинэчилж, газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн удирдлага болон холбогдох албаныханд үүрэг болголоо.

Таны сурталчилгаа