Онцгой байдлын гал унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ц.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-Онцгой байдлын байгууллагад хэдэн жил ажиллаж байна. Яаж энэхүү албатай холбогдож байв?
-Би 2019 онд СХД-ийн гал унтраах 29 дүгээр ангид томилогдоод жил гаруй ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар гараад, 2023 оны нэгдүгээр сарын 25-нд БЗД-ийн гал унтраах 63 дугаар ангид томилогдоод хоёр дахь жилдээ ажиллаж байна.
-Хэсэг хугацаанд завсарлаад эргээд ороход онцгой байдлын байгууллага хэр өөрчлөгдөж вэ. Сайжирсан зүйлүүд байна уу?
-Сайжирсан зүйлүүд зөндөө байна. Автомашин, техник хэрэгсэл, хувцас тоноглолын хангалт сайжраад, дэвшсэн зүйлүүд олон байна. Өмнө нь хувцас хэрэглэл жаахан муу байсан. Одоо харин харьцангуй сайжирсан. -Дуудлага ирэх үед гал сөнөөгчид юу бодогдох вэ? -Дуудлага хэзээ ирэхийг бид мэдэхгүй. Энд тэнд юу хамаагүй хийгээд явж байна. Хонх дугарангуут хувцсаа өмсөөд, машиндаа суугаад явна. Явж байх замдаа ямархуу дуудлагад явж байгаагаа салаан даргаасаа асууна. Галд гарах болгонд жаахан айдастай л байдаг. -Унтраахад хамгийн хэцүү гал ямар гал вэ? -Обьектын түймэр унтраахад хамгийн хэцүү. Шөнө орой хаана юу байгаа нь мэдэгдэхгүй, утаатай орчинд юу ч харагдахгүй болохоор объектын түймэр эрсдэлтэй л дээ.
-Ажиллахад хамгийн бэрх дуудлага ямар дуудлага байв?
-Ажиллах хугацаандаа үзсэн хамгийн том гал Дүнжингарав худалдааны төвийн урд уулзварт болсон газ тээвэрлэсэн машины дэлбэрэлт.
-Тухайн дуудлагад ажиллах үед юу болсон юм бэ. Тэрхүү ослоос хойш нэг жил өнгөрлөө. Яг тэр галыг хэрхэн унтраасан бэ?
-Хүндрэлтэй байсан л даа. Улаан гал нүүр рүү төөнөөд, машинаас буугаагүй байхад л төөнөж байсан. Манай нэгдүгээр машины жолооч ах машинаа холдуулаад, бид араас нь очсон. Даргын тушаалаар ажиллах гээд хүлээж байтал намайг хэлтсийн орлогч дуудсан. Би орлогч дээр гүйж очоод бид хоёр цаашаа гүйгээд явсан. Гүйгээд л гарсан ардуур нөгөө ёомкс нь дэлбэрчихсэн. Бид хоёр шатаж байсан байшинд хүн үлдэж үү шалгахаар дороос нь дээшээ 12 давхар хүртэл явсан. Цаанаасаа шатаж байгаа хэсгүүдийг нь гэр доторх усаар нь унтраагаад, утаа ихтэй байна доошоо бууя гээд нэг айлд байсан савтай усаар нь подкаскаа норгож аман дээрээ бариад, доошоо бууж араар нь гарч ирсэн.
-Тэгээд юу болсон бэ?
-Манай орлогч сандраад саяны дэлбэрэлтэд миний машин дэлбэрчихсэн байх гэж сандраад бид хоёр гүйгээд очсон. Машиндаа хүүхдээ аваад явчихсан байсан юм. Би араас нь гүйж очиж машиныг нь хайсан. Нарантуулын уулзвараар эргээд машиныг нь олсон. Хаалгыг нь онгойлготол эхнэр нь дөнгөж сая ирсэн гээд рулийнх нь ард сууж байсан. Охин нь хойно суучихсан, банди нь байхгүй. Аавынхаа араас явсан гээд би буцаад очсон. Гурван талийгаачийг өнгөрснийг мэдээгүй. Буцаж очоод байж байтал ахлагч Төлэе намайг хараад баярлаад байсан. Яасан бэ Төлэе гэтэл “Манай гурав өнгөрчихлөө” гэхээр нь шокт орсон. Орлогч дээр очоод хэлтэл орлогч бас шокт орсон. Танай хүүхэд машиндаа алга гэж хэлээд бид хоёр хүүг нь хайсан. CU, тэр хавийн газруудаар хайгаад олдохгүй цагдаагаас асуулаа. Тэгтэл урд байрны авто зогсоолын тэнд нэг хүүхэд аавыгаа хайгаад явж байна гэсэн тийшээ очоод үз гээд бид хоёр тийш явсан. Харин тэндхийн GS25-д хүүхэд нь байж байсан. Тэгээд л хүүхдийг нь авч гарч ирсэн.
-Амиа алдсан гурван алба хаагч ямархуу хүмүүс байсан бэ. Нэг албанд хамтран зүтгэж байсан хүнийхээ хувьд өнөөдөр дурсвал?
-Салаан даргын туслах Ш.Амгаланбаатар бол ажилдаа их чадварлаг, сайн хүн байсан. Ингэе, тэгье гэж их зүйл санаачилна. Дэд ахлагч Э.Түвшинтөр бас ажилдаа дадчихсан, сайн залуу байсан. Д.Барсүрэн бид хоёр онжавууд. Өөр газарт ажиллаж байгаад энд орж ирээд онжаваа мэдсэн. Нэг ангид орчихлоо гэж баярлаад, хамт үүрэг гүйцэтгээд, нэг салаанд орчихлоо гээд бөөн баяр болж байсан юм. Хамт үүрэг гүйцэтгэж яваад харамсалтайгаар найзыгаа алдсан даа.
-Тухайн ослоос хойш ангийн хэмжээнд газтай хэрхэн ажиллах, газ алдагдсан үед яах вэ гэх мэт сургалт орсон уу. Ер нь тэрхүү осол монголд томоохон сургамж болсон шүү дээ?
-Түүнээс хойш БНСУ-аас хүмүүс ирж газны талаар сургалт орсон. Нэгдүгээр ээлж нь энд орсон. Хоёрдугаар ээлж нь БНСУ-д болно гэсэн. Тэнд очиж 14 хоногийн сургалтад сууна.
С.ОТГОНБАЯР