Налайх дүүргийн 307-р цэцэрлэгт менингоккокт халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ:
-Менингококкын халдвар маш төвөгтэй. Агаар дуслаар халддаг тусгай нянгийн халдвар байдаг. Агаар дуслаар дамждаг. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон халдварын шокоор нас барах өндөр эрсдэлтэй. Менингококкын тандалтын нэгжийн үйл ажиллагаа болон улс даяар хийж байгаа, жил улирал тутамдаа хийж байгаа тандалтын мэдээллээр 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг гэж үздэг. 2025-2026 он бол Менингококкын дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. Энэ өвчнөөр 3-9 насны хүүхдүүд ихэвчлэн өвддөг. Өвчлөлийн явц хоёр хэлбэрээр явагдана.
Нэгдүгээрт, Менингококк буюу тархины гадар бүрхүүлийн үрэвслийн шинж буюу ухаан санаа балартах, хүчтэй өвдөх, огцом өндөр халуурч, биеийн байдал дорддог.
Хоёрдугаарт, арьсан дээр өвөрмөц, цусархаг тууралт туурч, халдвар халдварын шокоор хүндэрдэг хэлбэр бий. Үүнийг хөнгөн, хүнд, нэн хүнд гэж ангилдаг. Бөөрний дээд булчирхайд үхжилт өгсөн тохиолдолд 100 хувийн нас барах эрсдэлтэй. Цахилгаан менингит гэж яриад байдаг шүү дээ. Ийм байдалд цагаар бус минутаар хэмжигддэг.
Налайх дүүрэгт болсон тохиолдол эмчид үзүүлэх гэж цаг хугацаа алдсан байсан. Биеийн байдал тун хүнд үед эмч дуудсан. Манай эмч нар цаг хугацаа алдалгүй ажилласан. Энэ бол маш хүнд тохиолдол. Ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулахад зүгээр гарсан. Хүмүүс өөрсдөө өрхийн эмнэлгийн хяналтад орж, антибиотек хэрэглэнэ.
Менингококкын халдварыг тээж явдаг хүмүүс гэж байдаг. Төвөнх залгиурын улайсан үрэвсэлтэй том хүмүүс өөрөө өвдөхгүйгээр, шинж тэмдэггүйгээр халдвараа тараах эрсдэл өндөр байдаг. Нөгөө талаас менингитийн халдвараар өвдсөн хүнээс 5-7 хоногт хавьтал болсон үед хүнээс хүнд дамждаг өвөрмөц халдвартай өвчин. Зөвхөн менингитээр өвдсөн тохиолдолд нас барах эрсдэл 15, хөнгөн өвдсөн тохиолдолд 40, хүнд өвдсөн бол 95-100 хувь нь нас бардаг гэсэн дүгнэлттэй хүнд өвчин.
Энэ өвчний дэгдэлтийн улирал яг одоо эхэлж байна.