Цаг үеийн мэдээ

СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөөтэй ярилцлаа.

-Танай дүүрэгт уралдаанч хүүхдүүд хэр байдаг вэ. Зөвшөөрөлгүй уралдаан болох тохиолдол хэр гардаг вэ?

-СХД 340 мянга гаруй хүн амтай. 120 мянга гаруй хүүхэдтэй. Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь нь СХД-ийн нутаг дэвсгэрт байна. Мөн Хүйн долоон худаг буюу Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан болдог цэг СХД-ийн нутаг дэвсгэрт байна. Партизаны сангийн аж ахуй гээд мал бүхий иргэд байна. Хурдан морь уядаг уяач нар байна. Түүнийгээ дагаад хурдан морь унаач хүүхэд нэлээд байгаа. Бидний зүгээс сая цуцалчихлаа гээд байгаа өвөл, хаврын уралдааныг зохион байгуулахгүй байх, үүнтэй холбоотой хүүхдийн эрх зөрчигдөхгүй байхад барьдаг ганц зэвсэг буюу манай эрх зүйн томоохон хүчтэй акт байлаа. Бид жил бүрийн аравдугаар сар өнгөрөөгөөд мал бүхий иргэд байгаа суурьшлын бүс рүү, хороодод албан бичиг хүргүүлээд тухайн хорооны хамтарсан баг нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хяналт тавиад, хүүхдийн эрхийн зөрчил тэр дундаа боловсролын эрхийн зөрчил үүсэхээс сэргийлж сар болгон тайлагнадаг. Ингэж бид хяналтаа тавьж хориглосон хугацаанд уралдаан зохион байгуулдаггүй байсан. Тавдугаар сарын 1-нээс хойш зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон уралдааныг Хүйн долоон худгийн нутаг дэвсгэрт зохион байгуулах гээд байдаг. Түрүү жил л гэхэд бид таван уралдаан тэмцээнд хамтран ажилласан байна. Үүн дотроо улсын баяр наадам орно. Хоёр зөвшөөрөлгүй уралдааныг цуцлах арга хэмжээ авсан. 

-Зөвшөөрөлтэй уралдаан болж байгаа үед юуг хамгийн их анхаарах ёстой вэ?

-Төрийн байгууллага мэдээлэл ирүүлдэггүй. Бид цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс мэдээлэл авдаг. Хагас сайн, бүтэн сайнд ч юм уу уралдаан болох нь гэдэг мэдээллийг бид авч байгаа юм. Дүрмэндээ хурдан морины уралдаан зохион байгуулахад олон байгууллага хамтарч ажиллахгүй бол болдоггүй. 100 орчим морь уралдлаа гэхэд хамгийн энгийндээ тэнд хэв журмыг сахин хамгаалах цагдаагийн байгууллага байх ёстой. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас эрүүл мэндийн байгууллага байх ёстой. Мал эмнэлэг, хүүхдийн байгууллагын төлөөлөл байх ёстой. Олон хүн цуглах учраас хог тээвэр ч гэдэг юм уу дүүрэгт ажиллаж байгаа байгууллагууд хамтран ажиллаж байж тэр уралдаан тэмцээн эмх замбараатай, морь малны хувьд халдвар хамгааллын дэглэм барьсан зохион байгуулалттай болох ёстой байдаг. Харамсалтай нь хэсэг бүлгээрээ нийлээд нэг бол зөвшөөрөлгүй, эсвэл тэнд очоод мэдэгдэлгүй уралдаан тэмцээн зохион байгуулчихдаг. Ингээд хараа хяналтгүй, үйлчилгээ байхгүй, хамтран ажилласан зүйл байхгүй болохоор тэнд хүүхдийн амь нас эрсдэх, хүүхэд хүндээр бэртэх тохиолдол гарах гээд байдаг. Хамтран ажиллаж байгаа тохиолдол хамтын ажиллагаа ширээн дээр биш газар дээр нь анхаарах нь зүй ёсны асуудал. 

-Уралдаанч хүүхдүүдэд тулгардаг гол бэрхшээл юу байна гэж харж байна вэ. Одоогоор танай дүүрэгт ажиллаж байгаа кейс бий юу?

-2017 оноос бид уралдаанч хүүхдүүдийг бүртгэдэг болсон. Улсын баяр наадмаас гадна аймгуудад зохион байгуулагдаж байгаа баяр наадмууд, ой, бусад тэмдэглэлт баярын үеэр 11700 гаруй уралдаанч хүүхдийн мэдээлэл мэдээллийн санд орсон байдаг. Үүнээс уяачийн хамаарал бүхий хүүхэд буюу өөрийнх нь төрсөн хүүхэд ч юм уу, өөрийн ойр дотнын хүүхдүүдээр 1000 гаруй нь унуулдаг гэж хэлж болно. Хавар, намрын уралдааныг судлаачид хэлээд байгаа шүү дээ. Энэ бол өв соёл биш, Монголд өвөл, хавар уралддаг уламжлал байгаагүй. Сүүлийн 15 жил л уралдаад байгаа гэдэг асуудлыг яриад байгаа. Энэ үнэн. Өвөл, хавар зохион байгууллагддаг Дүнжингарав гэх мэт уралдааны үеэр хүүхэд олноор бэртэх, амь насаа алдах тохиолдлууд байдаг нь үнэн. 53 хүүхэд амь насаа алдсан гэдэг тоо, статистик мэдээ гаргаад байна. Энэ бүхэн хүүхдийн байгууллагын мэдээллийн сандаа түшиглээд орж ирж байгаа. Хүүхдийн эрхийн байгууллагууд болж байгаа кейст түшиглэн Засгийн газрын түвшинд болон олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуваалцаж байгаа тоон мэдээ. Өнөөдөр 11700 гаруй хүүхэд хурдан морь унаж байна гэсэн тоон мэдээ улсын хэмжээнд байгаа. Үүнээс  тодорхой тохиолдлуудад ХЭҮК-оос ажиллаад, хүүхдийн байгууллагаас ажиллаад, шүүхийн шатанд шийдвэрлэгдсэний дараа ч гэсэн хүүхдэд хохирол гарч байдаг. Маш олон зардал гардаг. Эдгээрийн зардлыг уяачаас гаргуулах асуудлаар ХЭҮК-той хамтран ажиллаж байгаа тохиолдлууд байна. Одоогийн байдлаар СХД-т нэг кейс ирсэн. Тухайн хүүхдийг удаан хугацаагаар морины ажил хийлгээд өвлийн цагт морь унуулснаас болж удаа дараа гар нь хөлдсөн хүүхдийн эрхийн нэлээд зөрчилтэй кейс байна. 2024 онд энэ хэргийн дуудлагыг бид хүлээж аваад мөрдөн байцаах шатандаа явж байгаа. Манай байгууллагаас хүүхдийн хууль ёсны төлөөлөгч томилогдсон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлээд явж байгаа. Хүүхдийн биеийн байдал хүнд байсан учраас бид сувилгаа эмчилгээ бүхий л боломжтой үйлчилгээг үзүүлээд ажиллаж байгаа тохиолдол байна. 

-Уралдааны үед газар дээр нь ажиллаж байхад хамгийн их ажиллагддаг хүндрэл бэрхшээл юу байдаг вэ?

-Хүүхдээ бүртгэхээс эхлээд бид уяачтайгаа, хүүхэдтэйгээ холбогдож эхэлдэг. Хүүхдээ бүртгүүлэх гээд ирж байгаа уяач харамсалтай нь хүүхдийнхээ нэрийг ч мэдэхгүй тохиолдол байдаг. Хүүхдийнх нь овог нэрийг бүртгэлийн ажилтан асуухаар мэдэхгүй Улака, Борко чиний нэр хэн билээ, Улака, Борко л гэдэг юм даа гэх тохиолдол олон. Тэгээд бид эцэг эхийнх нь утсыг авч, эцэг эхтэй нь холбогдож байж тухайн хүүхдийн овог, нэр бүх мэдээллийг авдаг. Төрсний гэрчилгээнээс гадна тухайн хүүхэд сургуульд сурдаг уу, даатгалд хамрагдсан уу гэх мэт маш олон асуумжаар тэр бүртгэлийг хийдэг. 11700 гаруй уралдаанч хүүхэд байна. Түүний 1000 орчим нь өөрсдийнх нь хүүхэд гэхээр цаана нь 10 мянга гаруй хүүхэд өөр хүний хүүхдээр унуулж байна гэдэг статистик байна шүү дээ. Нэрийг нь мэдэхгүй ирээд бүртгүүлээд явсны дараа хүүхдийг түрээслэх маягаар морь унуулдаг. Хүүхдүүд өөрсдөө үүнийгээ хэлдэг. Хоёрдугаарт, уралдаан болох явцад эхний уралдаан болоод дараа дараагийн уралдааны үеэр хүүхдүүдээ таньдаг болдог. Уяач бол морио бэлдээд ирдэг. Хүүхдээ бэлтгэдэггүй. Уралдаанч хүүхэд байхгүйгээр ирээд уралдаанд бүртгүүлсэн хүүхдүүдэд тодорхой хөлс өгч морио унуулахгүй тохиолдол бас олон бий. Сэрвээний өндрийг шалгаад гараан дээр морио байрлуулдаг даа. Гаргахын өмнө хүүхдийн эрхийн байгууллагууд стандартын хувцас хэрэглэлтэй эсэхийг нь шалгадаг. Каскаа өмсөж үү, өвдгөвч, тохойвч, цээживч, хамгаалалт хийж үү, түрүүтэй гутал өмсөж үү гэдэг шалгалтаа хийдэг. Угтаа дүрмэндээ түрүүтэй гутал өмсөнө гэж заадаг. Харамсалтай нь пүүз гэхэд хэцүү бойтог өмсгөчихсөн түүнийг нь скочидсон тохиолдол гардаг. Өвөл хаврын уралдаан зохион байгуулдаг байх үед гуталгүй бойтогтой уралдуулдаг. Хүүхдээ хөнгөн болгох гээд байгаа юм. Ийм тохиолдол олон гардаг. Хүүхдийн биед зөвшөөрөлгүй зүйл авч явахыг хүүхдийн байгууллагууд хориглодог. Урт урт, өнгө өнгийн дурдан бүснүүд гэдсээрээ ороосон хүүхдүүд явах гээд байдаг. Түүнийгээ уралдааны явцад гаргаж ирээд дэрвүүлэхээр морь үргэдэг. Түүнээс улбаатай хүүхэд унадаг. Маш урт сурыг бугуйндаа орооно. Эсвэл морины цээживчинд хийчихдэг. Эм тариа гарч ирнэ. Дусал хүртэл гардаг. Үүнийг тухай бүрд нь бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж л байсан. Гар утас, камер гарч ирнэ. Тухайн хүүхэд авч явах боломжтой, биднээс нуух боломжтой тэр бүхий л хэсэгт байршуулсан байдалтай уралдааны гараан дээр авчрах тохиолдол бишгүй байдаг. Энэ болгоныг бид хурааж авдаг. Хураагаад авахаар уяачдын эсэргүүцэлтэй тулгардаг. Тэр бүхнийг тодорхой нэг зорилготойгоор л явуулах гээд байна шүү дээ. Манай байгууллагад дандаа л эмэгтэйчүүд ажилладаг. Том ташуур барьсан, сур ороосон уяачид хүмүүсийг маань цохих зодох зүйлүүд гарна. Гэх мэтчилэн уралдаан тойрсон хүүхдийн эрхийг зөрчсөн, хүнээ үл ойлгосон эмх замбараагүй байдлууд, зохион байгуулалтад орохгүй байх тохиолдлууд байсаар л байгаа. 

-Хүүхдийг түрээслэдэг гэлээ шүү дээ. Дундаж ханш нь хэд байдаг юм бол. Тухайн үед хүүхдүүдтэй хэрхэн харьцдаг бол?

-Хүүхдүүд өөрсдөө хэлдэг л дээ. 20 мянган төгрөг. Улсын баяр наадмаар жишээ авъя л даа. Хүүхдүүд бүртгүүлээд, сэрвээний өндөр шалгуулаад гарах хэсэг дээр маш олон морь хасагддаг. 2024 оны улсын баяр наадмаар 200 гаруй морь бүртгэгдээд, сэрвээний өндөр дээр 130-140 гаруй морь хасагддаг. Морийг нь цагдаа нар аваад хүүхдүүд буцна. Тэр үеэр хүүхдүүд их ярина. Чи өглөө бас морь унасан. Чиний морь хасагдчихсан уу, яагаад хасагдчихав, хэдэн насны морь унахаар ирсэн бэ гэхээр ярина. Энэ миний морь биш ээ. Манай галаас тэр ах, энэ ах ирж гуйгаад морь унаад өгөөч гэсэн юмаа. Нэгэнт хүүхдийн даатгал хийгдчихсэн, дугаар номероо авчихсан байгаа учраас хориглоод байх асуудал биш. Монгол хүмүүс мориныхоо занг мэддэг. Амаа аваад явдаг билүү, ташуурдахаар давхих уу зэргийг мэдэхгүй хүүхэд бас мориноос унах бэртэх гэмтэх эрсдэлийг бий болгоно. Морь хадуурна, амаа аваад давхичихна, бусгадаг, булгидаг. Үүнээс болоод унаж бэртэх тохиолдол гарна. 

-Гэр бүлийнхнээс зөвшөөрөл аваагүй байх тохиолдол гардаг уу?

-Уяач болгон морио түрүүлнэ л гэж сойж уядаг. Уралдааны явцад хүүхэд мориноосоо уначихлаа. Тэгэхээр морь барианд орохгүй байх магадлалтай. Хүүхэд нь унасан ч түрүүлээд ороод ирдэг морь байдаг. Хүүхэд нь унангуут морь хадуурах тохиолдол олон. Ингэнгүүт тэр хүн бухимддаг л байх л даа. Тэгээд л хүүхэд рүү янз янзаар дайрна. Хүүхдийнхээ биеийг асуухаас илүүтэй тэр морь хаана байна. Хөлийг нь доголуулчихсан уу, эмээл нь яасан. Морь яасан гээд л хүүхэд рүү дайрсаар байгаад хүүхдийнхээ биеийг ч асуухгүйгээр уурлаад л морио олж авах минь гээд гараад явах уяач бишгүй бий. Хүүхэд бэртсэн тохиолдол гарна. Анхан шатны тусламжаа үзүүлээд, ГССҮТ-д хүргэнэ. Ар гэр асран хамгаалагч зайлшгүй шаардлагатай. Ингээд аваад явахаар уяач нь ирэхгүй, тоохгүй, утсаа авахгүй. Зарим тохиолдолд эцэг эхийг нь дуудаад өгөхгүй юу. Та нар бүртгээд аваад байсан биз дээ гээд уурлах жишээний. Эцэг эхчүүдийг ирээд хүүхдэдээ хараа хяналтаа тавиач ээ, асран халамжлаач гэхээр би одоо тэр аймгийн тэр суманд байна. Уяач нь аваад явсан шүү дээ. Би тийм ажилтай байна. Уяач руу нь яриач гэх мэтээр эцэг эх, уяач бие бие рүүгээ чихээд ч юм уу иймэрхүү тохиолдлууд байна. Хүүе, яав ийв хүүхэд минь зүгээр үү гэх эцэг эх ч байна, уяач ч байна. Бүх хүн тийм биш л дээ. Хүүхдээрээ морь унуулаад тэр хүүхдийнхээ хөлсөөр амьжиргааныхаа зардлыг хийгээд ч явах эцэг эх байна шүү дээ. Хурдан морь унаач хүүхдийг судлаад явахаар аав нь архины хамааралтай хүүхдийнхээ мөнгийг аваад л архи уучихдаг. Нутаг орон, тэр хавийнх нь хүмүүс мэддэг тохиолдлууд байна. Хүүхдээрээ морь унуулаад хөлсөнд нь машин тэрэг авсан хүмүүс байна. Хүүхдийнх нь асуудлыг яриад эрхийг нь яриад та хамаагүй уяачийнд амьдруулаад байж болохгүй, сургах хэрэгтэй, эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй гээд асуудал ярихаар би уяачаас машин авсан юм аа, мөнгө авсан юм аа гэх мэтээр үнэн байдлуудаа ярьдаг. Ийм тохиолдлууд ч байгаа. Хүүхдийнхээ хөлсийг авч хэрэглэчихээд эрүүл мэнд, амь настай нь холбоотой асуудал ярихаар бие бие рүүгээ чихдэг эцэг эх, уяачид байдаг. 

-Өвөл, зуны уралдааны ялгаа их байдаг байх. Юундаа ялгаа байна гэдгийг та тайлбарлаж өгөөч?

-Миний санаж байгаагаар 2020 оны долдугаар сарын 10-ны өдрийн уралдааныг бид цуцалж байсан. Яагаад гэхээр маш их бороо орсон учраас халтиргаа гулгаа үүссэн. Тэнд морь халтирах тохиолдол гарах учраас хүүхдийн эрхийн байгууллагууд цуцлуулж байсан. Тэр уралдааныг маргааш өдөр нь газар хатсаны дараа уралдуулж байсан. Зун ч гэсэн дандаа эрсдэлгүй байна гэж байдаггүй. Өвлийн цагт яагаад хориглоод байна вэ гэвэл 15-20 градусын хүйтэнд 20 км холоос маш хурдтайгаар хүүхэд давхиад ирэх нь болох асуудал уу. Орчин нөхцөлийг нь бодоод үзье л дээ. Хүйтний улиралд, морин дээр, холын уртын зайд хүүхэд морь унаад уралдана гэдэг нь тэвчишгүй хэлбэрт ордог. Хэзээ газар хөлдөж, гэсэхийг монголчууд мэддэг шүү дээ. Гуравдугаар сар гэдэг газар хөрсөн дээрээ хөлддөг үе. Хөлдүү газар хүүхэд унахаар яах вэ. Бид явганаас бэртэхээр яадаг билээ. Хурдтай явж байгаа мориноос хүүхэд унана гэдэг хүүхдийн амь насанд асар том эрсдэл үүснэ гэсэн үг. Ийм учраас бид хориглосон. Хориглосноороо нэлээд хүүхдийн амь насыг хамгаалсан гэж үзэж байгаа. Харамсалтай нь хүүхэд бэртсэн амь насаа алдсан тохиолдол байгаа л даа. Гэхдээ тэр тоог багасгаж чадсан гэдэг нь том амжилт. Эмнэлгийн байгууллагын бүртгэлээр мориноос унасан хүүхдийн 48 хувь нь тархиндаа гэмтэл авдаг. Толгойгоороо ихэвчлэн унадаг. Дараагийнх мөр, бугалга, шуундаа бэртэл авдаг. Уяачид уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэлийг авч өгөх асуудалд хойрго ханддаг. Хүүхдийн байгууллагууд шаардлага тавьдагт чанаржаад явж байгаа ч гэсэн анхааруулж хэлэхгүй бол болдоггүй зүйл нь каскны асуудал. Стандарт малгай хөөсөнцөртэй. Хэр баргийн зүйлд хагарахгүй. Хямд нимгэн малгай аваад өгчихдөг. Нөгөөх нь хагараад хүүхдийн биед зоогдох тохиолдол гардаг. Эдгээр шаардлагыг тавихаар уяач хүүхдийн эрхийн байгууллагын ажилтны хооронд маргаан зөрчилдөөн гардаг нь үнэн. Шүүхээр тогтоолгосон хүүхдийг маань 2-3 удаа гар нь хөлдөөд эдгэсэн тохиолдол байна гэдгийг шинжээч хэлж байгаа юм. Гар хөл нь хөлдөнө. Хөнгөн уралдуулахыг бодно. Зузаан хувцас өмсүүлэхгүй. Гэх мэт тохиолдол байдаг учраас өвлийн уралдаан болохгүй гэж хэлээд байгаа. 

-Уралдаанч хүүхдэдээ ундаа их өгдөг, хооллодоггүй гэх зүйлүүдийг ярьдаг. Энэ дээр батлагдсан зүйл бий юу?

-Уралдаан дөхөөд ирэхээр хоол бага өгдөг, сойдог, уралдах учир хөнгөн бай гэдэг зүйлийг уяачдын зүгээс тавьдаг. Үүнийг хүүхдүүд өөрсдөө хэлдэг. Хүүхдүүдийн судалгаанд өгсөн ярилцлага бүгд бодит. 

Б.УУГАНБАЯР

Таны сурталчилгаа