Нийтийн тээврийн төлбөр өнөөдрөөс 1000 төгрөг боллоо. Үүнтэй холбоотойгоор Нийтийн тээврийн газарт дараах асуултууд хамгийн их иргэдээс ирж байгаа аж. Үүнд Нийтийн тээврийн бодлогын газраас хариулж байна.
Банкны карттай хүмүүс өдөрт 1000 төгрөгөөр зорчих боломжтой юу?
Боломжтой. Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглагдаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах бөгөөд U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн ХАС, ХААН, ГОЛОМТ, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.
Хугацаатай карттай иргэд хэрхэн зорчих вэ?
Хоёрдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс хугацаатай карт үйлчлэхгүй. Иргэн та 1000 төгрөгөөр 4 удаа зорчих эрхээ эдлэх боломжтой.
Чингис хаан олон улсын буудал, холын чиглэлийн үнэд өөрчлөлт орсон уу?
Багануур, Багахангай, Чингис хаан олон улсын буудлаас бусад бүх чиглэл 1000 төгрөг, нэг удаа төлөөд 3 удаа дамжин суух боломжтой.
Нэг чиглэлдээ 4 удаа сууж болох уу?
Боломжтой. Чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүй зорчино.