Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нэгдүгээр хуралдаан өнөөдөр /2025.01.31/ Авлигатай тэмцэх газарт боллоо. Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр удирдлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаанд АТГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Монголын сурагчдын холбоо, Монголын оюутны холбоо зэрэг 33 байгууллагын төлөөлөгч оролцож 2025 онд санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэд хэдэн санал, шийдвэрийг гаргаж сэтгүүлч, олон нийтэд мэдээллээ. Тухайлбал, төрийн үйлчилгээг иргэнд нээлттэй, дарамт, чирэгдэлгүй байхад зорьж “шүүр” болон “шил” ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүний тулд 2025 оныг Авлигын эсрэг жил болгон зарлалаа. Ингэснээр иргэн шүгэл үлээх боломжтой болох юм.
НИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр хуралдааны үеэр “Гэр бүлийн хүчирхийллийн 54 хувь, эрүүгийн гэмт хэрэгт холбогдогчдын 30 гаруй хувь нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх судалгааны тоо байна. Тэгэхээр залуусын архины хэрэглээг хязгаарлаж, хорих бус 0 градустай, пиво, дарс уух сонголтыг бий болгоё. Найз нөхөд, баяр ёслол дээр очоод дарвиж архидан согтуурах биш 0 градустай хэрэглээг санал болгоё. Гуравдугаарт, авто замын танхайралтай тэмцье. ЦЕГ-аас томоохон аянуудыг санаачлан хэрэгжүүлдэг ч жолоочийн ухамсар сэрэхгүй байна. Авто замын хөдөлгөөн зохицуулж байгаа замын цагдааг мөргөөд зугтах, сургууль орчмын бүсэд хурдаа сааруулах, анхаарал болгоомж, самбаачлах хугацаагаа анхаарч тооцохгүй давхиж байна. Тэгэхээр хорин жилийн дараах эх оронч иргэнийг өнөөдрөөс бэлтгэе. Үүний тулд ЗХЖШ-тай хамтран соён гэгээрэл, нөлөөлөл, практик ажлыг шат дараатай хийе” гэлээ.
Зөвлөлийн гишүүд 2025 онд хүүхэд залуусын хөгжил, замын хөдөлгөөний аюулгүй байдал, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах, Гэр бүлийн хүчирхийлэл, залилах төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлд онцгой анхаарч, ажлаа уялдуулахаар санал нэгдэж төлөвлөгөөгөө баталлаа.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА