2025 оны нэгдүгээр сарын 25-нд Налайх дүүрэгт менингококкоор нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн. Улмаар тухайн сэжигтэй тохиолдлын хавьтлуудыг тусгаарлан шинжилж, ХӨСҮТ-д эмчлүүлж байх явцдаа нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ.
Тухайн хүүхэд Налайх дүүргийн ...дугаар цэцэрлэгт явдаг байжээ. Хүүгийн цэцэрлэгийн эрхлэгч н.Туяа-Эрдэнэтэй холбогдож тодруулахад “Манай цэцэрлэг халдвар хамгааллын дэглэмийг байнга баримталж, эцэг эхчүүдэд байнгын зөвлөмж өгч байсан. Одоогоор цэцэрлэг үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн хариултыг өглөө.
Хүүгийн эгч Налайх дүүргийн ... дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Ангийн багш н.Батцэцэгээс тодруулахад “Сургууль цахимаар хичээллэж байгаа. Онцгой комиссын шийдвэрээр цаашид ямар арга хэмжээ авахыг шийдэх байх” гэсэн юм.
Налайх дүүрэгт амьдардаг иргэдээс тодруулахад “Тэр хүүхэд нэгдүгээр сарын 28-ны өдөр цэцэрлэгтээ хоёр удаа бөөлжиж, халуурахаар нь эцэг эхийг нь дуудаж эмнэлэгт хандсан байна лээ. Гэр бүлийг нь тусгаарлан шинжилгээ авахад идэвхгүй халдвар гэж гарсан” тухай мэдээлэв.
Сэжигтэй тохиолдол илэрсэн цэцэрлэгт 2025 оны нэгдүгээр сарын 29-ны орой 18.00 цагаас дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн халдварын тасгаас ариутгал халдваргүйжүүлэлтийг цэцэрлэгийн бүх талбайд хийлгэж, 2 цагийн дараа багш, ажилтнууд цугларан 20:00-23:40 цагийн хооронд анги танхим өрөө тасалгаанд ариутгалын дараах цэвэрлэгээг хийсэн аж. 2025 оны нэгдүгээр сарын 30-ны орой 22:00-22:50 цагийн хооронд цэцэрлэгийн байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг дахин хийлгэсэн тухай цахим хаягаараа мэдээлжээ. Ариутгалын дараах цэвэрлэгээг багш ажилчид өөрсдөө хийсэн байна.
Налайх дүүргийн онцгой комисс яг одоо хуралдаж байгаа юм. Онцгой комиссын хурлаар дараагийн ээлжийн хариу арга хэмжээг авна.
ХӨСҮТ-өөс өнөөдөр мэдээлэхдээ “Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, 3 настай хүүхдийн биеийн байдал хүнд амь тэмцсэн байдалтай байсан. Хүүхэд ХӨСҮТ-д өчигдөр орой ирсэн ч харамсалтай нь үдээс өмнө эндлээ. 2025 нэгдүгээр сарын 28-нд гэнэт халуурсан хоёр удаа бөөлжсөн гэх дуудлагыг өгсөн байдаг. Халуурсан, тууралт ихэссэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандаарай.
2024 онд тус халдварын тав сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс лабораторийн шинжилгээгээр хоёр тохиолдол батлагдаж, эдгээд гарсан. 2025 онд хоёр тохиолдол бүртгэгдэж, улмаар батлагдсан тохиолдлын нэг нь харамсалтай нь өнөөдөр эндлээ. Өчигдөр Баянгол дүүрэгт сэжигтэй тохиолдол ирээд шинжилгээний дүн гарсан. Тууралт халдварууд ихсэж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх, менингитийн халдвараас эрт хариу арга хэмжээ авах, зөвлөгөө өгөх танилцуулга хийгдэнэ” гэв.
Менингококкт халдварыг насанд хүрэгчид тээж, бага насны хүүхдүүд халдварлан хүндээр тусдаг болохыг эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна.
С.ОТГОН