Бидэнд олдсон мэдээллээр 461-р ангид хоригдож байгаад, 3-р эмнэлэгт хүргэгдсэн эмч П.Батчулууны биеийн байдал хүндхэн, зүрхний агшилт цохилт нь хэвийн хэмжээнээс доогуур байгаа юм байна. Зүрхэндээ 7 тэлэгч тавиулсан, тархины гавлын ясных нь тал нь байхгүй, чихрийн шижингийн хүндэрсэн хэлбэртэй, эмч 3 хүний амь аварч, 10 хүнийг хөл дээр нь босгосон үйлдэлдээ 2,6 жилийн хорих ялаар шийтгүүллээ.
Харин авлигын хэргийн яллагдагч С.Энхболд ЭМДЕГ-ын даргын суудлаар шагнууллаа. ЭМДЕГ-ын дарга Ш.Бямбасүрэн авлигын хэрэгт яллагдан хусагдаж, оронд нь өөр нэг авлигын хэргийн яллагдагч томилогдлоо.
П.Батчулуун эмчийн авсан шийтгэлд санаа сэдэл, үр дагавар, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, биеэр ял эдлэх боломжтой эсэх зэрэг хөнгөрүүлж авч үзэх нөхцөл байдал өчүүхэн ч хамаарсангүй.
С.Энхболдын шагналд Дэлхийн банкны 19 сая доллароор санхүүжүүлсэн “Цахим эрүүл мэнд төсөл” 6 жил гацаж, манай талаас 1,7 сая ногоон буцаан татсан авлигын хэрэг хумсын чинээ ч нөлөөлсөнгүй.
П.Батчулуун эмчийн шийтгэлд донор болохыг зөвшөөрөх тохиолдол багасах уу, эрхтэн шилжүүлэх мэс засал цөөрөх үү, эмч нар айдас хүйдэст автагдах уу, өөрөөр хэлбэл хүний амь аврах боломж хумигдах эсэх падлий ч байсангүй.
С.Энхболдын шагналд ЭМД гэдэг мөнгөний авдрын түлхүүрийг авлигын нэг яллагдагчаас нөгөө яллагдагчийн гарт өгөөд, төсөв нь 2,4 их наяд болж өссөн ч эмнэлэг, эм тариа, тоног төхөөрөмж нийлүүлдэг компаниуд өрийн сүлжээнд орчихсон, ариутгах багаж хэрэгсэл ч байхгүйг өөрчлөх итгэл найдвар, нэр хүндтэй эсэх хумсын чинээ ч нөлөөлсөнгүй.
П.Батчулуун эмчийн шийтгэлд улс төрч даатгалын мөнгийг хуу хамаад, авлига авч байгаад газар дээрээ баригдаад 40, 4 саяар торгуулаад толгойгоо илүүлээд шиг тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах гэх мэт ашиглагдсангүй.
С.Энхболдын шагналд өөрийн хамаатан С.Эсболд, Солонгосын Taihan cable and Solution компанитай хамт хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, төсөл гацах хооронд ард иргэдийн алдсан боломж, алтан цаг хугацаа огтхон ч сонин биш байлаа. С.Энхболдын шагналд авлигатай тэмцэхээс алхам ч ухрахгүй гэх Засгийн уриа лоозон мартагдлаа.
Гавьяатай эмчийн хүлээсэн шийтгэл, гайтай даргын авсан шагнал бол Монгол бол эвэртэн туурайтан, эрх мэдэлтэндээ ээлтэй зөөлөн, эгэл иргэндээ халтай хатуу ханддаг хоёр нүүр, олон царайг яруу тодоор, яс маханд шингэтэл нотоллоо. Авлигатай тэмцэхээс ухрахгүй гэсэн чинь яасан бэ? Авлигын хэргийн нэг яллагдагчийг нөгөө яллагдагчаар сольж авлигатай тэмцэх нь ухарсан алхам уу, урагшилсан ахиц уу?