“Морин дээрээс жагсах амархан. Мориноосоо буугаад засаглах хэцүү” гэгч болоод байна. Засгийн газар морьтой жагсаалаас 72 цагийн дараа өвлийн хүйтэн, хаврын хахирт Дүнжингарав, Шөнөжингаравууд зохиохгүй байх 2019 оны 57-р тогтоолоо хүчингүй болгосон ч шүүхийн алхтай бандан тас шийдвэр, Үндсэн хууль, олон улсын нэгдэн орсон гэрээ конвенц хүчинтэй хэвээрээ байна.
Монгол хүүхдийн амиар наадсан, өвөл, хаврын эрлийз хурлийз морины уралдаан бол өвөг дээдсээс өвлөгдсөн өнө эртний соёл биш. Танхим дүүрэн 52 хүүхдийн эгнэгт зогссон бяцхан зүрх, хөгжлийн бэрхшээлтэй болж үлдсэн олон зуун багачуудын хувь тавилан, 3000 балчир үрс унаж ойчсон 30 аад жилийн гуниг ихтэй богинохон түүх. Өөрсдийнхөө хүүхдээр биш өрөөлийн хүүхдээр дэнчин тавьсан бооцоо.
Засгийн газар засаг дарга, ИТХ толгой мэдэж шийднэ гэж зам нээж зайлуулсан ч ганцхан эмгэнэлт тохиолдлоор мориноосоо унах нүхээ ухлаа. Ингэхэд таавчигтай эмэгтэйгээс юу боллоо? Хүүхэд хамгаалах хүлээсэн үүрэгтэй сайд Л.Энх-Амгалан хүүхдийн эрлэг болсон эрлийз морины хаврын зугааг хаацайлсан нь тоглоом биш шоглоом болоод байна. Л.Энх-Амгалан морь унадаг монгол хүүхэд байсан байж болно. Харин Л.Энх-Амгаланг үүхэд биш хүүхэд байх үеэс өнөөдрийн эм тариа шахуулсан, эрлийз хурлийз, хагас галзуу 2 дахин хурдан морины нуруун дээр хөлдүү газарт жаахан хүүхэд бүү хэл том хүн ч тогтохгүйг тод манлай уяач, улсын начин Ц.Дуламсүрэн гуайн мэдэгдэл нотолж байна.
Уяачид УИХ-ын танхим, Засгийн газарт залаагаа хийсгэсэн том малгай, тоо толгой ихтэй байлаа ч хэн ч давах ёсгүй шүүхийн эцсийн шийдвэр, Үндсэн хуульт ёс, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хүүхдийн эрхийг хамгаалагчид бүр олуулаа.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өнөөдөр хүүхдийн төлөө За гэж хэлсэн хүн биш. Өчнөөн жил хүүхдийн төлөө хийсэн юмтай, харуулах судалгаа, 3 шатны шүүхийн шийдвэр гаргуулсан, олон улсын хуульчдын холбооны дээд шагналтай. Үнэтэй брэндээр гоёогүй, оёдлын газраас авсан хантаазаар нь өөллөө ч Х.Баасанжаргал дуугарахгүй юм бол өөр хэн дуугарах вэ? Хүүхэд авто осол, утаа угаар, өвчин зовлон, аллага хүчирхийлэлд өртөж л байдаг юм чинь мориноос унаад амиа алдах нь юу ч биш гэх нь хүний үнэр, Монголоо алдсан харгис балмад хэрэг юм. Үр хүүхдүүдээ аюул ослоос хол байлгах гэж аав ээж болдог, улс орон оршдог биш үү?