Цаг үеийн мэдээ

Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Булган аймгийн Сэлэнгэ суманд ажиллах үеэрээ аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцтай танилцлаа. 

Аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын  бэлтгэл ажил 90.9 хувьтай хангагдсан байна.  

Тодруулбал,

- Малчдын өвс, тэжээл  89 хувь,

- Аймгийн аюулгүйн нөөц 87 хувь,

- Сумын аюулгүйн нөөц 75 хувь,

- Худгийн бэлэн байдал 91  хувь, 

- Малын усан хангамж 93 хувь, 

- Малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94 хувь,

- Малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай хангагджээ. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй байгаа бөгөөд нийт 11.5 мянган малчин өрхийн 3 сая толгой мал өвөлжиж байна.  

Тус сум нь  2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 100 мянга гаруй толгой мал тоолуулсан. 

Уулзалтаар Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Бодлого”, Шинэ хоршоо хөдөлгөөнийг хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох хүмүүс бол  сум орон нутгийн удирдлагууд юм. Иймээс бүсчилсэн хөгжил, шинэ хоршоо хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж,  аймаг орон нутгийнхаа онцлог, давуу талаа ашиглан хөгжих, зэргэлдээ сум багтайгаа  уялдаа холбоотой ажиллах нь чухал. Тиймээс бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр болоод Шинэ хоршоо хөдөлгөөнийг илүү оновчтой үр дүнтэй хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, ажил хэрэг болгох хэрэгтэй" хэмээн онцоллоо. 

Таны сурталчилгаа