Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооноос Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах үндэсний бөхийг барилдааныг 2 дугаар сарын 2-ны өдөр "Алдар" спорт хорооны зааланд зохион байгууллаа. Барилдаанд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын болон төрийн цэргийн байгууллагын спорт хороодын улс аймаг, цэрэг сумын цолтой хүчит 128 бөх хүч үзэн уран мэхийг уралдуулан барилдахад Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Алдар" спорт хорооны бөх, улсын үлэмж бадрах арслан, дэслэгч Б.Орхонбаяр 7 даван түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бөх, улсын үнэн зоригт харцага, дэслэгч Б.Зоригтбаатар 6 даван үзүүрлэлээ. Их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, улсын өсөх идэр харцага, дэслэгч О.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Батмагнай нар шалгарав.
Дунд шөвөгт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх улсын харцага, дэслэгч Б.Цэдэнсодном, Булган аймгийн Орхон сумын харьяат "Хилчин" спорт хорооны бөх улсын начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат "Сүлд" спорт хорооны бөх улсын начин Б.Түвшинтөгс, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Э.Баасанжав нар шалгарлаа.
Энэ удаагийн "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн бөх, аймгийн хурц арслан, дэд ахлагч Даваасүрэнгийн Алтанцоож, "Дайчин барилдаан"-ы тусгай шагналыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Э.Баасанжав, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Сундуйжав нар тус тус хүртлээ.
Тэргүүлсэн бөхчүүдийн шагналыг "Алдар" спорт хорооны дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр гардуулан өгч, баяр хүргэлээ.