Цаг үеийн мэдээ

Европын удирдагчид ирэх долоо хоногт Украины асуудлаар яаралтай дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ. АНУ Оростой хийх энхийн хэлэлцээндээ тус тивийн орнуудыг оролцуулахгүй байх төлөвтэй байгаа энэ үед уг уулзалтыг товлосон байна.

Парис хотноо болох дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж буй Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер хэлэхдээ, “манай үндэсний аюулгүй байдлын хувьд чухал мөч” тохиож байгааг онцлоод, Европ НАТО-д илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэдэг нь тодорхой байна гэв.

Дайныг зогсоох талаар Европын удирдагчидтай зөвлөлдөх боловч АНУ, ОХУ-ын хоорондын ямар ч яриа хэлэлцээнд тэднийг оролцуулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кит Келлог мэдэгдсэний дараа дээрх уулзалтыг товложээ. 

Цагаан ордны өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Саудын Арабад Орос, Украины төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар АНУ-ын албаны хүмүүс мэдэгдээд байна. Бямба гарагт мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярьж, хоёр талын дээд хэмжээний уулзалтад бэлтгэхийн тулд тогтмол харилцаа холбоотой ажиллахаар тохиролцжээ.

 

 

 

 

Д.Трамп, В.Путин нар энэ сарын 12-нд утсаар ярьсан нь Вашингтон, Москвагийн хооронд сүүлийн гурван орчим жилийн хугацаанд хийсэн анхны яриа хэлэлцээ болсон юм. Д.Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд ойрын өдрүүдэд Саудын Арабад Орос, Украины төлөөлөгчидтэй энхийн хэлэлцээ хийж эхэлнэ гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Майкл Маккол Ройтерс агентлагт мэдээлжээ. 

Таны сурталчилгаа