Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгждэг бөгөөд 20 хувь нь шаардлага хангаж байна. Харин үлдсэн хувийг нь өөрчлөх болон шинэчлэх шаардлагатай гэсэн үнэлгээг 2022 онд хийжээ.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг хэлэлцүүлгийн үеэр: “Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй стандартууд, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр илтгэл танилцууллаа. Тус илтгэлд “салбарын хэмжээнд мөрдөгдөж буй 768 стандартаас 18 хувь нь хэвээр үлдээж болох, 28 хувь нь шинэчлэх шаардлагатай, 11 хувь нь шууд хүчингүй болгох, 43 хувь нь орлох эрх зүйн баримт бичиг гарсны дараагаар хүчингүй болгох боломжтой” гэсэн дүгнэлт гарчээ.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.