Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэж, арванхоёрдугаар сард 130 мянган төгрөг олгосон. Үлдсэн ногдол ашгийг энэ сарын 28 болон ирэх дөрөвдүгээр сард тэнцүү хувааж олгох нь зүйтэй гэж үзлээ.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг "Эрдэнэс критикал минералс" болгон өөрчиллөө

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мөн “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэж заасан бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын дэд бүтэц, туршлага хүний нөөцийн чадвар, боломжийг харгалзан үзэж газрын ховор элементийн судалгаа, хайгуул, олборлолт, ашиглалт, баяжуулалтыг хариуцуулахаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын нэрийг өөрчилж, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөн дүрмийг шинэчилжээ.

Мөн “Алт олборлолтыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний талаар” Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг зохион байгуулж арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.

Цахилгаанаар халаалтаа шийдвэрлэсэн айл өрхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д өөрчлөлт оруулах талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Уг асуудлыг Засгийн газрын дараагийн хурлаар дахин хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Таны сурталчилгаа