Монгол Улсын Шадар сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан “SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдааныг зохион байгуулагч Чагин Владимир, Тукманов Сергей, Секолов Виктор нарыг хүлээн авч уулзлаа.
“SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдаан манай улсын нутаг дэвсгэрт гурав дахь жилдээ зохион байгуулагдах бөгөөд энэ жилийн уралдааны замын чиглэл ОХУ-ын Иркутск хотоос эхлэн Байгаль нуур, Улаан-Үүдээр дамжин Монгол улсын хилээр нэвтэрч Улаанбаатараас Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийг дамжин өнгөрч ОХУ-ын Горно-Алтайкс хүртэл үргэлжлэх юм.
“SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдаан 2009 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд өнгөрсөн жилийн уралдаанд 20 орны 100 гаруй тамирчин оролцжээ. Манай улсын байгалийн өвөрмөц тогтоц, зам харгуй бартаат замын уралдаанд хамгийн тохиромжтой байдгийг тамирчид, зохион байгуулагчид онцолж байна.
Шадар сайд С.Амарсайхан Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн даргын хувьд “SILK WAY RALLY” буюу “Торгоны зам” олон улсын ралли уралдааныг зохион байгуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулах нь Монгол Улс, ОХУ хоёрын аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.