Цаг үеийн мэдээ

ХАМАС бүлэглэлийнхэн бямба гарагт товлосны дагуу барьцааны гурван хүнийг сулласны дараа Израилын тал 400 орчим палестин хоригдлыг суллажээ.

Бямба гаргийн орой АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Ойрх Дорнодод хийж буй анхны айлчлалаа эхлүүлэхээр Израилд ирсэн байна. Тэрбээр ням гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзаж, гал зогсоох хэлэлцээр болон Ерөнхийлөгч Дональд Трампын дэвшүүлсэн Газын зурвасын асуудлаарх саналыг хэлэлцэх юм.

Бямба гарагт суллагдсан барьцааны гурван хүн бүгд Израилын өмнөд хэсэгт орших Нир Оз суурингийн оршин суугчид байв. Тухайлбал, 2023 оны 10 дугаар сарын 7-нд болсон террорист халдлагын үеэр ХАМАС бүлэглэлийнхэнтэй тулалдаж байгаад олзлогдсон Израилын иргэн, 36 настай Сагуй Декел Чен байжээ. Түүнийг барьцаалагдсанаас хойш хоёр сарын дараа эхнэр Авитал нь гурав дахь охиноо төрүүлжээ.

Мөн Израил-Орос гаралтай 29 настай Александр (Саша) Троуфанов мөн суллагдсан бөгөөд тэрбээр ээж Елена, эмээ Ирина Тати, найз бүсгүй Сапир Коэн нарын хамт ХАМАС-ын халдлагын үеэр олзлогджээ. Гурван эмэгтэйг нэг сарын дараа байгуулсан гэрээгээр сулласан байна. Халдлагын үеэр түүний эцэг Виталий амь үрэгджээ. Тэдний гэр бүл 25 жилийн өмнө Оросоос Израил руу цагаачилсан байна.

Гурав дахь барьцааны хүн бол Израил-Аргентины иргэн 46 настай Иэйр Хорн бөгөөд ХАМАС бүлэглэлийн халдлагын үеэр ах Эйтаны хамт барьцаалагдсан ба түүний ах одоо хэрэгжиж буй гэрээний хүрээнд суллах хүмүүсийн жагсаалтад багтаагүй байна. Эдгээр гурван хүнийг Израилын талд шилжүүлэн өгөхийн өмнө Газын зурвас дахь Олон улсын Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна.

 

 

 

Үүнтэй зэрэгцэн Палестины хоригдлуудыг тээвэрлэсэн эхний автобус Палестины далбааг намируулан Рамалла хотод иржээ. Бямба гарагт 369 палестин иргэн суллагдахаар болсон гэж ХАМАС мэдэгдсэн байна. Нэгдүгээр сарын 19-нд хоёр талын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд барьцаанд байгаа израил иргэдийг палестин хоригдлуудаар зургаа дахь удаагаа солилцож буй нь энэ юм.

 

 

 

 

Зургаан долоо хоногийн хугацаанд үргэлжлэх гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны 33 хүнийг суллахын хариуд олон зуун палестин хоригдлуудыг шилжүүлэн өгөх ёстой. Одоогийн байдлаар ХАМАС-ын барьцаанд байсан 24 хүн, мөн Палестины 1000 гаруй хоригдлыг суллаад байна. 

Таны сурталчилгаа