Шинэ ёкозүна Хоошёорюүгийн аварга цол хүртсэнийг тэмдэглэн, Чиба мужийн Кашива хотын захиргаанаас өнөөдөр ёслолын парад жагсаал хийлээ. Хоошёорюү арван жилийн өмнө энэ хотын ахлах сургуульд суралцахаар анх Японд ирж байлаа. Тиймээс Кашива хотыг “Хоёр дахь эх орон” хэмээн нэрлэдэг, үргэлж ярьдаг байсан юм.
Өнөөдөр Хоошёорюү Кашива хотын цахилгаан галт тэрэгний төв буудлын баруун хаалганаас 13:00 цагт хүн тэргэнд суун хөдөлж, зүүн хаалга хүртэл 220 метр газар нутгийн иргэдийн дундуур парад хийлээ. Дараа нь 14:00 цагаас төв гудамжаар 440 метр зайд мөн хүн тэргээр явж, эцэст нь хотын даргаас цэцгийн баглаа хүлээн авснаар жагсаал өндөрлөсөн байна. Шинэ аваргын жагсаалд нутгийн 25 мянган хүн оролцсон тооцоо гарчээ.
Үзэгчдийн дундаас “Ёкозүна”, “Кашива хотын бахархал” гэх зэрэг дэмжсэн үгс цууриатаж байв. Хоошёорюү “Үнэхээр их баярлалаа. Япон дахь эх орон минь гэж үргэлж бодож ирснийх цаашдаа ч Кашива хотод олон сайхан дурсгалт үйл явдал тэмдэглэх болно гэж найдаж байна. Хүн тэргэнд суухад ичгэвтэр байлаа. Намайг даах уу гэж хүртэл бодсон. Сүмо бөхийн 47 дахь ёкозүнаг Кашивадо гэдэг. Би 74 дэх ёкозүна. 47-г эсрэгээр нь уншихад 74. Ёкозүна болж чадсан минь Кашива хотын ач тус” гэж сэтгүүлчдэд ярьжээ.