Цаг үеийн мэдээ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тэргүүтэй холбогдох албаныхан өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байна. Энэ үеэр Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн корпораци, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сангийн Дархан-Уул аймаг дахь салбарын үйл ажиллагаатай танилцав.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр болон тус яамны газар, хэлтсийн дарга, яамны харьяа агентлагуудын удирдлагууд ХАА-н салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө танилцуулсан юм.

Тус яам “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж, боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгож эхэлсэн байна. Эргэлтийн хөрөнгөд 300 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 488 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөвлөөд байгаа бөгөөд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулах юм. Хөтөлбөрийн үр дүнд ноолуурын бүрэн боловсруулалтыг 20-40 хувь, ноосны боловсруулалтыг 25-55 хувь, арьс ширний боловсруулалтыг 30-50 хувь хүртэл нэмэгдүүлж, 10 орчим мянган ажлын байр шинээр бий болгох зорилт дэвшүүлж буй.

Мөн “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлснээр газар тариаланг, эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлж, эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Улсын хэмжээнд нийт 200 га талбайг шинээр эргэлтэд оруулж, махны чиглэлийн 150 мянган толгой, сүүний чиглэлийн 50 мянган толгой үхрийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилт тусгасан. Тариалангийн салбарт улаан буудай, төмс, хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангаж, фермерийн аж ахуй хөгжүүлэх суурь нөхцөл болох малын тэжээлийн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих юм. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймагт шилжин суурьшсантай холбоотойгоор төвийн бүсийн ХАА-н салбарын хөгжил, эдийн засгийн үзүүлэлт сайжирч, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийг дэмжих бодлогууд үр дүнгээ өгч байна. Тус яамны томоохон төслүүдийг засгийн газар бодлогоор дэмжиж, эдийн засагт таатай үр дүн авчрахаар ажиллаж буй. ХХААХҮЯам орон нутагт нүүж ирсэнтэй холбоотой гарч буй хүндрэл, асуудлууд бий. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярын танилцуулсан яамны барилга, ажилчдын орон сууц, түрээс, томилолтын зардал гэх мэт асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж үе шаттай арга хэмжээ авч, шийдэх болно” гэсэн юм.

Таны сурталчилгаа